Зогсоолоос болж маргалдан, тоглоомон буу гарган танхайрсан этгээдэд шүүхээс шийтгэл оногдуулжээ

Зогсоолоос болж маргалдан, тоглоомон буу гарган танхайрсан этгээдэд шүүхээс шийтгэл оногдуулжээ

Олон нийтийн цахим сүлжээнд өнгөрсөн гуравдугаар сарын 30-ны өдөр “Иргэд маргалдах явцдаа буу гаргаж байна” гэх гарчигтай бичлэг нийтлэгдэж, энэ нь олны анхаарлыг татсан.

Улмаар уг асуудлыг цагдаагийн байгууллагаас бүртгэлд авч, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байсан юм. Тэгвэл тус хэргийг Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүх хэлэлцэж, шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрх бүхий албан тушаалтан Э.Ундрал нь зөрчил холбогдогч Т.Б, Т.Б нарт холбогдуулан зөрчлийн 2505001165 дугаартай зөрчлийн хэргийг нээн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар шийтгэл оногдуулах саналтай тус шүүхэд ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцжээ. 

Зөрчилд холбогдогч Т.Б, Т.Б нар нь 2025 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, “Кастелла” зочид буудлын гадаа авто зогсоолын асуудлаас болж маргалдан олон нийтийн газар хэрүүл, маргаан үүсгэж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан зөрчилд холбогджээ.

Шүүх зөрчлийн хэргийн материал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, эрх бүхий албан тушаалтны санал, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн зөрчилд холбогдогч нарын мэдүүлэг, тайлбар зэргийг харгалзан үзээд Зөрчилд холбогдогч Т.Б, Т.Б нар нь олон нийтийн газар нийтийн хэв журмыг зөрчихдөө нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлон биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчин бүдүүлэг үйлдэл гаргаж, хоорондоо үл ялиг, ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан хийж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан Танхайрах зөрчил үйлдсэн гэж үзлээ.

Тодруулбал, Зөрчилд холбогдогч Т.Б, Т.Б нар нь 2025 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, “Кастелла” зочид буудлын гадаа авто зогсоолын асуудлаас болж маргалдсан бөгөөд зөрчилд холбогдогч Т.Б нь зүй бус үг хэллэг хэрэглэж бусдыг хэл амаар доромжлон хэрүүл маргааныг бий болгосон, улмаар зөрчил холбогдогч Т.Б нь тоглоомон буу гаргаж түүнийг өдөөн хатгах, хэл амаар доромжлох зэрэг олон нийтийн газар хэрүүл, маргаан үүсгэж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан зөрчилд үйлдсэн байна.

Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна.” гэж заасныг харгалзан мөн хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар зөрчилд холбогдогч Т.Б, Т.Б нарт тус бүрт нь 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх шийдвэрлэжээ.