Ө.Батзул агсны амь нас хохирсон зам тээврийн ослын хэрэгт "тусгай мэдлэг бүхий, дүгнэлт гаргах эрхтэй шинжээчээр дүгнэлт гаргуулах"-аар болжээ

Ө.Батзул агсны амь нас хохирсон зам тээврийн ослын хэрэгт "тусгай мэдлэг бүхий, дүгнэлт гаргах эрхтэй шинжээчээр дүгнэлт гаргуулах"-аар болжээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Үндэсний бөхийн Улсын начин Ө.Батзул агсны амь нас хохирсон зам тээврийн ослын хэргийг шүүх хурал өчигдөр буюу тавдугаар сарын 02-ны өдөр боллоо. 

Шүүхээс зам тээврийн ослын хэрэгт, шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэжээ.

Тодруулбал, шүүх хурлаар шүүгдэгч талаас гаргасан “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол” үндэслэлтэй гэж үзэж, шүүх хуралдааныг 50 хоногийн хугацаагаар хойшлуулж 2025 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн хянан шийдвэрлэхээр товлосон байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар шинжилгээ хийж буй хүн нь хуульд заасан шаардлага хангасан, шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Шүүх шинжилгээний төв байгууллагын даргын шийдвэрээр авсан байхаар хуульд зохицуулжээ. Хэрэгт зам тээврийн ослын талаар дүгнэлт гаргасан шинжээч нь дээрх шаардлагыг хангасан эсэх талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул шинжээчийн дүгнэлтийг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд шүүх тусгай мэдлэг бүхий, дүгнэлт гаргах эрхтэй шинжээчээр “зам тээврийн ослын талаарх дүгнэлт”-ийг гаргуулахыг Прокурорт даалгаж шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэжээ.