"Хууль зүй, дотоод хэргийн яамны ажилтанд залилуулсан" гэх гомдолд ажлын хэсэг гарган шалгах талаар ЦЕГ-ын даргад чиглэл хүргүүлжээ

"Хууль зүй, дотоод хэргийн яамны ажилтанд залилуулсан" гэх гомдолд ажлын хэсэг гарган шалгах талаар ЦЕГ-ын даргад чиглэл хүргүүлжээ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын охин Б.Намууны хамаарал бүхий компанид залилуулсан гэх иргэд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлд шаардлага хүргүүлж байгаа талаараа энэ сарын 21 /2025.04.21/-ны өдөр мэдээлэл хийсэн. 

Тодруулбал, тэдгээр иргэд мэдээллийнхээ үеэр, "Хууль зүйн яаманд ажилладаг Ш.Энхжаргал гэж эмэгтэй хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай иргэдэд олгосон байранд оруулна гэж хэлээд иргэдээс мөнгө авч залилсан. Хууль зүйн яамны мэргэжилтэн Ш.Энхжаргал нь мөнгөө Б.Намууны данс руу шилжүүлсэн гэдэг. Харин энэ талаарх мэдээлэл гарсны дараа тэрбээр өөрт нь Голомт банкны нэр дурдагдсан данс байхгүй талаар лавлагаа аваад олон нийтийн цахим сүлжээнд цацсан байсан. Үнэхээр тэр хүн хамааралгүй байсан бол тэгэхгүй гэж хардаж байгаа. Нөгөөтээгүүр, "Шинэ яармаг" хороолол нь Х.Баттулгынх учир бид ингэж хардахаас өөр аргагүй байна" гэсэн юм. 

Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл ЦЕГ-ын дарга Т.Сүхболдод хандаж, "гомдолд дурдагдсан асуудлыг холбогдох хууль журмын дагуу судлан үзэж, өмнө нь цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, гомдлыг нэгтгэж, мөрдөн шалгах үүрэг бүхий "Ажлын хэсэг"-ийг байгуулан ажиллуулж, шийдвэрлэлтийн үр дүнг хуулийн хүрээнд эргэн танилцуулах арга хэмжээ авна уу" гэсэн албан тоотыг илгээжээ.