Аялагч Ким Сү Хён: Монгол хүмүүс “Гэртээ хоноод яв, хоол идээд яв” гэж найрсаг хандаж байгаа нь гайхмаар бас гоё санагдсан /ВИДЕО/

Аялагч Ким Сү Хён: Монгол хүмүүс “Гэртээ хоноод яв, хоол идээд яв” гэж найрсаг хандаж байгаа нь гайхмаар бас гоё санагдсан /ВИДЕО/

Монгол Улсад гаднын аялагчид олноор ирж, манай улсын соёл, унаган байгаль, нүүдэлчин аж ахуйг ихэд сонирхон, олон улсад сурталчлан таниулж буй. Тэдний цөөнгүй хувийг Солонгос аялагчид эзэлдэг бөгөөд инфлүүнсэр, youtuber-үүд ч цөөнгүй ирдэг болоод байна. Тэгвэл бид энэ удаад Монгол соёл, унаган байгалийг Солонгосын ард түмэнд таниулж яваа нэгэн аялагч, youtuber эмэгтэйг онцлон ярилцлаа.

Түүний хувьд Монголыг өмнө нь мэддэг, хэд хэдэн удаа ирж байсан бөгөөд нүүдэлчин аж ахуй ихэд сонирхолтой санагдсан тул илүү сайн мэдэхээр ганцаараа аяллаа эхлүүлжээ. Тэрбээр Орос, Монгол, Европын орнуудаар аялах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд өөрийн машинаа тоноглож, тохижуулаад ганцаараа аялалдаа гарсан. Оросоос эхэлсэн түүний аялал Монгол орны тойрон аяллаар үргэлжилж байна. Түүнд монгол хүмүүс үнэхээр найрсаг санагдсаны дээр унаган байгаль нь өөрт нь амьд байгааг мэдрүүлсэн талаараа бидэнд ярьсан юм. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.

ВИДЕО:

-"ОРОС, МОНГОЛ, ЕВРОПЫН ОРНУУДААР АЯЛАХААР ТӨЛӨВЛӨЖ, МАШИНАА ТОНОГЛОЖ БЭЛДСЭН"-

-Аяллаа хэзээнээс төлөвлөж эхэлсэн бэ. Мөн ямар улс орнуудаар аялах төлөвлөгөөтэй байна?

-Сайн байна уу. Намайг Ким Сү Хён гэдэг. Би Солонгосоос Орос, Оросоос Монгол, Монголоос Европ руу аялахаар төлөвлөөд машинаараа явж байгаа аялагч байна. 2024 оны наймдугаар сараас аялал маань эхэлсэн. Ер нь долоон жилийн өмнөөс л Солонгосыг тойрон аялж эхэлсэн юм. Харин энэ удаагийн аялал бол миний олон жилийн өмнөөс мөрөөдөж байсан мөрөөдөл минь билээ. Заавал хөгширчхөөд биш залуудаа аялъя гэж бодоод анх гэрээсээ гарсан даа.

-Аялалдаа зориулж тоноглож бэлдсэн машин нь нэлээн сонирхол татаж байна. Хэрхэн тохижуулсан талаараа хуваалцахгүй юу?

-Энэ машин маань манай улсад цэцэрлэгийн хүүхдүүдийг зөөх зориулалттай машин. Дотроо их зайтай болохоор сонгож авсан юм. Олон жилийн өмнө Австрали руу ажлын шугамаар явахад хүмүүс нь ийм машинаар их аялдаг байсан нь сонирхол татаж байлаа. Тэр үед Солонгост энэ төрлийн аялал нэг их байдаггүй байсан юм л даа. Тэгээд энэ машиныг аяллын машин болгож тохижуулах саналыг дүүдээ тавьсан. Дүү маань их гарын ур дүйтэй хүн байдаг учраас хамт судалж байгаад дүү маань ингэж тохижуулж өгсөн. Дотор талыг нь гоё натурал байлгая гэж бодоод модоор хийсэн. Харин ард талд нь гал тогооны хэсэг байгаа. Хойд талынхаа хаалгыг онгойлгоод л хоолоо хийчихнэ. Мөн ганцаараа аялж байгаа учраас нэг хүн л унтаж багтах ор хийж өгсөн. Мөн хөргөгч, зөөврийн ариун цэврийн сав байгаа.

-Машин дотор нь Монголоос худалдаж авсан зүйл байгаа юу?

-Монголоос авсан зүйл зөндөө бий. Хамгийн түрүүнд Хөвсгөлд явж байгаад эсгий углааш авсан. Хөнгөхөн хэр нь үнэхээр дулаахан болохоор их таалагдаж байгаа. Бас сарлагийн ноосоор хийсэн ороолт авсан. Их дулаахан юм билээ. Өнгө нь ч их гоё.

Монголд үнэхээр хүйтэн учраас хүйтэнд өмсөх боломжтой зүйлс л их авсан байна даа.

Мөн машиндаа зориулж хурганы арьсан дэвсгэр авсан. Харин өөрийнхөө өмсчихсөн байгаа гутлаа Баян-Өлгийгөөс авсан. Дотор тал нь эсгий. Гадна талыг нь үхрийн арьсаар хийсэн юм билээ. Солонгост ийм гутал их үнэтэй байдаг бол Монголоос үнэхээр хямдхан авчихсандаа их баяртай байгаа.

-"ИХЭНХ МОНГОЛ АЙЛД ЧИНГИС ХААНЫ ЗУРАГ БАЙДАГ НЬ ИХ СОНИРХОЛТОЙ САНАГДСАН"-

-Монгол орноор аялж байхад ямар нэгэн асуудал тулгарав уу?

-Сая машин маань бензингүй болоод зогсчихлоо. Баян-Өлгийгөөс нааш явж байгаад бас гэнэт л ингээд зогсчихсон. Тэр үед нэг приустэй хүн ирээд “юу болсон бэ” гээд тусалсан юм л даа. Ер нь хүмүүс их тусалж байгаа. Гэхдээ машины маань бензиний тоолуур нь эвдэрчихсэн юм байна гэдгийг ойлголоо. Уг нь би маргааш Казахстан явна гэж бодож байсан юм. Гэтэл ахиад л машинаа засуулах хэрэгтэй юм шиг байна. Одоо бензин л ирчихвэл машин маань зүгээр асчих байх аа.

Орост байж байхад саванд бензин авч болж байсан. Хөвсгөлд ч болж байсан. Улаанбаатарт л саванд бензин өгдөггүй юм байна. Жаахан төвөгтэй л юм.

Уг нь урьдчилаад бензинээ аваад явж байвал аялагч хүмүүс санаа зовохгүйгээр илүү тайван аялна шүү дээ. Эзгүй хээр талд явж байгаад бензингүйгээс болоод машин маань унтарчихвал хэцүү л юм. Гэхдээ бензин их хэмжээгээр авч явбал гал гарах ч юм уу ямар нэгэн аюулд орж магадгүй  болохоор энэ шийдвэрийг нь ойлгож хүлээж авч байгаа. Ер нь Монголоор аялж байх хугацаанд янз бүрийн гэнэтийн асуудал их гарч байсан. Тэр болгонд Монгол хүмүүс найрсгаар тусалж, зүгээр явж байхад хүртэл солонгосоор яриад “зүгээр үү, тусламж хэрэгтэй юу” гээд асууж байсан. Ер нь монголчууд их тусархуу, найрсаг хүмүүс юм билээ. Олон ч монгол найзтай болоод буцаж байна даа.

-Та Монгол орныг тойрон аялаад ирлээ шүү дээ. Монгол хүмүүс, монгол айлууд танд ямар сэтгэгдэл үлдээв?

-Монголын эрх чөлөөтэй, унаган байгаль үнэхээр гайхалтай санагдлаа. Машин барьж явахдаа таван хошуу мал тал нутгаар тархсан байгааг хараад, байгаль нь ямар гоё унаган хэвээрээ байгааг мөн малчид малаа маллаж аж төрж, байгальтайгаа ойр амьдарч байгааг хараад үнэхээр бахархмаар бас биширмээр санагдсан. Бас Монгол ихэнх айлд Чингис хааны зураг байдаг юм билээ. Тэр нь надад их сонирхолтой санагдсан шүү. Бас айлд орохоор огт танихгүй хүн байсан ч намайг “хоноод яв, хоол идээд яв” гэж байгаа нь гайхмаар байсан.

Бас нэг сонирхолтой санагдсан юм нь хөдөө очихоор малчин, нүүдэлчин аж ахуй байгаа хэр нь хотод нь ирэхээр бүр шал өөр хотын соёл угтаж байгаа нь, ийм эсрэг тэсрэг хэр нь ингэж гоё хоршиж оршиж байгаа нь гайхалтай санагдлаа.

-Ганцаараа аялахад айдастай, түгшүүртэй үе тохиолдов уу?

-Тал нутгаар явахад нэг их айгаагүй ээ. Солонгост ч гэсэн хэн ч байхгүй газраар аялаад явж байсан учраас ер нь сурчихсан. Гэхдээ Солонгост хаана ч байсан сүлжээтэй байдаг учраас айх юм бол хэн нэгэн рүү яриад тайвширдаг байсан бол Монголд хөдөө нь сүлжээ байхгүй учраас жаахан айдастай байсан ч монголчууд ч ингэж л амьдарч байгаа шүү дээ гэж бодохоор айхаа больчихсон.

-"МОНГОЛЫН БАЙГАЛЬ НАДАД "АМЬД БАЙГАА ШҮҮ" ГЭДГИЙГ МЭДРҮҮЛСЭН"-

-Яагаад Монгол Улсын сонгон аялах болсон бэ. Нэг шалтгаан байгаа л байх тийм үү?

-Монгол Улс Төв Азид оршдог орон шүү дээ. Энэ орны талаар бага сага мэдэх ч гэсэн үнэхээр содон санагддаг байсан учраас илүү сайн мэдэхийг хүссэн. Бас өөр оронд огт хараагүй, үзээгүй, мэдрээгүй зүйлийг Монгол Улсаас мэдэрсэн. Мөн энд ирээд байгаль дэлхийн бүх зүйл нь надад чи амьд байгаа шүү гэсэн мэдрэмжийг төрүүлж байсан. Ер нь би Монголоор аялсан аяллаа хэзээ ч мартахгүй байх. Бас энэ гоё мэдрэмжийг хэзээ ч хаанаас ч мэдрэхгүй гэж бодож байна.

-Та Монголд дахин ирэх үү. Мөн Монгол хүмүүст хандаж хэлэх зүйл танд бий юу?

-Монголд унаган байгалийг мэдрэх, монгол хүмүүсийн найрсаг зан чанарыг харах, мөн монголчуудын дээдэлдэг өв соёлыг үзэхэд үнэхээр сайхан байлаа. Бүх таньдаг хүмүүстэй Монголд заавал очоорой гэж зөвлөнө өө. Бас надад тусалсан маш олон монгол хүмүүс байгаа. Үүгээр дамжуулаад тэр бүх монголчууддаа үнэхээр их талархаж байгаагаа хэлмээр байна. Цаашид ч Монголыг би хэзээ ч мартахгүй. Угаасаа Монгол Солонгос хоёр улс гуравхан цагийн зайтай шүү дээ. Одоо явсан ч дараа нь эргээд заавал ирнэ. Бүгдэд нь баярлалаа.

-Ярилцсан танд баярлалаа. Алтан шар зам нь өлзийтэй байх болтугай.

-Баярлалаа.