"Сэлэнгэ аймагт нас барсан хүүхдийг менингококктын халдвараар нас барсан эсэхийг шалгахаас гадна улаанбурхан өвчний 125 тохиолдол бүртгэгдсэн" гэв

"Сэлэнгэ аймагт нас барсан хүүхдийг менингококктын халдвараар нас барсан эсэхийг шалгахаас гадна улаанбурхан өвчний 125 тохиолдол бүртгэгдсэн" гэв

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний 125 тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээллээ. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм.

Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой. Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе. Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандах аж.

Мөн энэ үеэр Улсын хэмжээнд 2025 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн байдлаар менингококкт халдварын батлагдсан дөрвөн тохиолдол (УБ-3, АР-1), нас баралт хоёр бүртгэгдсэн гэдгийг мэдээлэв. Насны хувьд 3-5 хүртэлх насны хүүхдүүд. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт эмчлэгдэж буй тохиолдол байхгүй гэж ЭМЯ-наас мэдээллээ. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Г.Анхбаяр "Сэлэнгэ аймгийн Мандал суманд менингококкт халдвараар өвдсөн хүүхэд нас барсан гэдэг мэдээлэл нь одоогоор уг халдвараар өвдөж улмаар эндсэн гэдэг нь батлагдаагүй, лабораторийн шинжилгээ хийгдэж байна. Өөрөөр хэлбэл ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн бөгөөд задлан шинжилгээгээр эцсийн хариу гарна” гэв.

Улсын хэмжээнд менигококкт халдварын эсрэг 2,000 тун вакцин татан авч, хавьтлуудын ойрын хүрээллийг дархлаажуулж байна. Менингококкт халдварын вакцин товлолт бус тархвар зүйн вакцин буюу халдвар гарсан үед хийгддэг вакцин юм. Сүүлийн 10 жилийн хөдлөл зүйгээс харахад жилд дунджаар энэхүү халдварын ойролцоогоор 8 тохиолдол, 2 нас баралт бүртгэгддэг үзүүлэлттэй байна. Менингококкт халдварын тохиолдол бүх насныханд бүртгэгдэж байгаа ч нийт өвчлөлийн 80-85 орчим хувь нь 0-4 настай хүүхдийн өвчлөл эзэлж, нийгмийн байдлаар авч үзэхэд нийт өвчлөгсдийн 77% нь гэртээ, 15% цэцэрлэгт, 8% нь сургуульд хамрагддаг хүүхдүүдийн дунд бүртгэгджээ. Өвчлөл хоёрдугаар сараас дөрөвдүгээр саруудад харьцангуй өндөр бүртгэгддэг зүй тогтол ажиглагдаж байна. Нас барсан тохиолдолд хийсэн судалгаагаар эрүүл мэндийн байгууллагад 60- 70% нь 24 цагаас дээш болсон хугацааны дараа буюу оройтож хандаж байгаа шалтгаан голлож байгааг мэдээллээ.