"Эрчим хүчний дэд бүтцийн байгууламжид 30 хоног цохилт өгөхгүй" гэж цорын ганц, бодит тохиролцоонд хүрсэн гэжээ

"Эрчим хүчний дэд бүтцийн байгууламжид 30 хоног цохилт өгөхгүй" гэж цорын ганц, бодит тохиролцоонд хүрсэн гэжээ

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, В.Путинтай Орос-Украины дайныг зогсоох нөхцөлийн талаар ярилцана гэж амласан. Тэгвэл тэдний утасны яриа өчигдөр /2025.03.18/ америкийн цагаар 14:00 цагт эхэлж нэг цаг гучин минут орчим үргэлжилсэн талаар NBC news телевиз Цагаан ордны нэрээ нууцалсан албан тушаалтнуудаас иш татан мэдээлжээ. 

-ЯРИА ХЭЛЭЛЦЭЭНИЙ ТАЛААР ОРОСЫН КРЕМЛИЙН МЭДЭЭЛЭЛД-

Кремлийн сайтад В.Путин, Д.Трамп нарын утсаар ярьсан ярианы үр дүнгийн талаарх мэдээлэл нийтэлжээ. Тус мэдээлэлд, "тэдний хооронд болсон цорын ганц бодит тохиролцоо бол мөргөлдөөнд оролцож буй хоёр тал эрчим хүчний дэд бүтцийн байгууламжид 30 хоногийн турш цохилт өгөхгүй байх тухай Д.Трампын саналыг В.Путин зөвшөөрсөн явдал юм. В.Путин энэ санаачилгыг нааштайгаар хүлээн авч, Оросын армид тэр даруй зохих тушаал өгсөн гэжээ.

Харин Кремлийн тус мэдэгдэлд 30 хоногийн хугацаанд хоёр тал гал зогсоох талаар дурдаагүй байна. 

Кремлийн мэдэгдэлд, "Оросын ерөнхийлөгч мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэх амлалтаа бататгаж, иж бүрэн, тогтвортой, урт хугацааны байх ёстой боломжит арга замыг сайтар судлахын тулд Америкийн түншүүдтэйгээ хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэв" гэжээ. Мөн В.Путин "хямралын үндсэн шалтгааныг арилгах туйлын хэрэгцээ, аюулгүй байдлын салбарт Оросын хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан үзэхийг" уриалав гэжээ. 

Улмаар Кремлийн мэдэгдэлд дурдсанаар В.Путин "175-ын эсрэг 175" томьёоны дагуу өнөөдөр /2025.03.19/ Украин, Оросын хооронд дайнд олзлогдогсдыг солилцохоор болжээ. Мөн тэрээр Орос улс "сайн санааны илэрхийлэл болгон" хүнд шархадсан Украины 23 цэргийн алба хаагчийг Киевт хүлээлгэн өгнө гэж В.Путин мэдэгджээ. 

-ЦАГААН ОРДНЫ МЭДЭЭЛЭЛД-

Харин В.Путин, Д.Трамптай утсаар хийсэн яриа хэлэлцээний талаар Цагаан ордны мэдээлэлд, "Удирдагчид мөргөлдөөнийг энх тайвнаар дуусгах ёстой гэдэгт санал нэгдсэн" гэсэн бөгөөд Кремлийн хэвлэлийн албаны дээрх мэдэгдэлтэй тун төстэй байгаа юм. 

Тодруулбал, "Хоёр орны ерөнхийлөгч нар мөргөлдөөн тогтвортой энх тайвнаар дуусах ёстой гэж үзэж байна" гэжээ. Мөн “Энх тайвны төлөөх хэлэлцээ нь дэд бүтцийн гал зогсоох, түүнчлэн Хар тэнгист тэнгисийн цэргийн эвлэрэл, бүрэн гал зогсоох, мөнхийн энх тайван тогтоох техникийн хэлэлцээгээр эхэлнэ гэдэгт удирдагчид санал нэгдэв” гэжээ. Мөн Д.Трамп, В.Путин нар "АНУ, ОХУ-ын хоорондын харилцааг сайжруулах шаардлагатайг онцолсон" гэж Цагаан ордон мэдэгдэлдээ дурджээ. 

Мөн Цагаан ордны мэдээллээс харахад, Д.Трамп, В.Путин нар "Ойрхи Дорнодыг цаашдын мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны бүс нутаг гэж хэлэлцэж, улмаар хоёр орны удирдагчид "Иранд Израилыг устгах боломжийг хэзээ ч өгөх ёсгүй" гэж тохиролцсон гэжээ. 

Эх сурвалж: BBC