Зүүн бүсийн түймрийн голомтод ажиллах шуурхай ажиллагааны ажлын хэсэг байгуулагдсан талаар болон түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тусламж хүргэхтэй холбогдуулан ОБЕГ-аас өнөөдөр /2025.03.11/ мэдээлэл хийлээ.
ВИДЕО:
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаярын ярьж буйгаар, "Зүүн гурван аймагт энэ жил 2025 онд хаврын хуурайшилт эрт эхлэнэ, цасны зузаан бага гэдэг мэдээллийг эрт авч байсан. Улсын онцгой комиссын даргын албан даалгавар гарсан. Энэ албан даалгаврын хүрээнд холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл томилогдсон. Зүүн гурван аймгийн онцгой байдлын алба хаагчдын хувьд хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, автомашин, техник хэрэгслийг хангалттай хэмжээнд бэлтгэсэн байсан. Эхний ээлжинд гал түймрийн аюулд өртсөн иргэдэд сэтгэлзүй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, түймэрт өртсөн малын сэг зэмийг устгах, халдваргүйтэл, ариутгал хийх ажлуудыг зохион байгуулна" гэв.