"Энержи ресурс" компанийн толгой компани болох "М-Си-Эс" группт хуулийн байгууллагаас ажиллагаа явуулж тус компанийн Хуулийн хэлтсийн дарга гэх З.Төрмандахыг өнгөрсөн хоёрдугаар сарын 18-ны /2025.02.18/ өдөр "Japan Town" хотхонд байх гэрийнх нь орчмоос баривчилсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Улмаар түүнийг “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлсийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан”, “Гүйцэтгэх ажил явуулах эрхгүй этгээд гүйцэтгэх ажил явуулсан, эсхүл гүйцэтгэх ажлын тусгай техник олж авсан, ашигласан, борлуулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг.
Тэгвэл Хорих 461 дүгээр ангид хоригдож байсан "М-Си-Эс" группийн Хуулийн хэлтсийн дарга З.Төрмандахын биеийн байдал муудаж, эмнэлэгт хүргэгдсэн тул түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилжээ.
Тодруулбал, З.Төрмандах нь элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараах хүндрэл, чихрийн шижин хэв шинж 2 оноштойгоор Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн нэгдсэн эмнэлгээс Улсын Нэгдүгээр эмнэлгийн хяналтад мэс заслын хагалгаанд орох заалттайгаар шилжсэн байна. Тиймээс түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Ташрамд сонирхуулахад, "М-Си-Эс" группийн Хуулийн хэлтсийн дарга З.Төрмандах нарын хүмүүсийг тагнаж чагнах төхөөрөмж болон сүлжээ унагагч хэрэгсэл ашигласан, камер тоноглолтой, цахим орчинд баг ажиллуулсан, хуулийн байгууллагынханд гэрээт төлөөлөлтэй байсан зэрэг мэдээллүүд зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа юм. Харин энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Тагнуулын байгууллагаас мөрдөн шалгаж байгаа "нууц"-тай холбоотой хэрэг учир энэ талаарх мэдээллийг өгөх боломжгүй" гэдгийг тодотгож буй юм.