Францын цөмийн түлшний гигант “Orano” групп энэ арваны төгсгөл гэхэд Монгол Улсаас жил бүр “олон сая фунт” уран олборлоно гэж мэдэгджээ. Уг мэдээллийг Лондон хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн цөмийн симпозиум 2026-ийн үеэр тус компанийн Гүйцэтгэх захирал (CEO) Николя Маэс албан ёсоор хуваалцсан байна.
Тодруулбал, Францын цөмийн түлшний мөчлөгийн тэргүүлэгч “Orano” компанийн Гүйцэтгэх захирал Николя Маэс тус компанийн Монгол Улс дахь үйл ажиллагаа энэ арваны төгсгөл гэхэд дэлхийн ураны зах зээлд хамгийн том нөлөө үзүүлэх дараагийн гол уурхай болно гэдгийг зарлажээ.
Николя Маэс “Orano групп энэ оны эхээр Монгол Улсад “Зөөвч-Овоо” төслийг хэрэгжүүлэх барилга угсралтын шатыг албан ёсоор эхлүүлсэн юм. Энэхүү цэгт хүрэхийн тулд Монгол Улсын Засгийн газартай олон жилийн турш нягт хамтран ажилласан бөгөөд Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл нь Монголын Парламентын санал хураалтаар 79 хувийн дэмжсэн санал авсан. Энэхүү урьд өмнө байгаагүй өндөр дэмжлэг нь төслийг урт хугацаанд тогтвортой, амжилттай хэрэгжих маш хүчтэй хууль ёсны баталгаа болж байна” гэжээ.