Манай гадаад валютын 60 хувийг бүрдүүлдэг нүүрсний үнэ Ганц мод, Сэхээ боомтуудад 300-600 юаниар буурчээ

Манай гадаад валютын 60 хувийг бүрдүүлдэг нүүрсний үнэ Ганц мод, Сэхээ боомтуудад 300-600 юаниар буурчээ

Монгол Улс 2025 оны улсын төсөвт нэг тонн нүүрсийг дунджаар 105 ам.доллароор, нийт 83 сая тонн нүүрс экспортлохоор тооцсон. Гэвч он гарснаас хойш нүүрсний үнэ унаж, тонн тутам нь 70-80 ам.долларт хэлбэлзэх болсон талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ярьсан.

  -ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР НҮҮРС 103 АМ.ДОЛЛАРТАЙ БАЙГАА Ч МОНГОЛЧУУД НҮҮРСЭЭ УУРХАЙН АМАН ДЭЭРЭЭС 70-80 АМ.ДОЛЛАРААР ЗАРЖ БАЙНА-

Тэгвэл өнөөдөр дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ ямар байгаа талаар бид www.tradingeconomics.com сайтаас үзэхэд 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нүүрсний үнэ 138 ам.доллар хүрч байсан бөгөөд үүнээс хойш тогтмол буурсаар энэ сарын  08 /2025.03.0/8-ны өдөр 103 ам.долларт хүрсэн байна.

Энэ талаар эдийн засагч Р.Даваадорж ярихдаа “Энэ бол Австралийн сайн чанарын коксжих нүүрсний үнийн уналтын мэдээ. Монголчуудын хувьд нүүрсээ уурхайн аман дээрээс 70-80 ам.доллараар зарж байна. Үүнийг өвөрмонголын ченжүүд авч Хятадын зах зээлд тодорхой үнэ нэмж зардаг” хэмээн тайлбарласан юм.

-ГАНЦМОД, СЭХЭ БООМТООР ГАРЧ БУЙ НҮҮРСНИЙ ҮНЭ ЖИЛИЙН ӨМНӨХӨӨС 300-600 ЮАНИАР БУУРЧЭЭ-

Харин манай гол экспортлогч болох Хятадын түүхий эдийн үнийн мэдээллийг www.sunsirs.com веб сайтаас харахад өнгөрөгч баасан гараг /2025.03.07/-т импортын нүүрсний үнэ 1076 буюу юань байсан юм. Харин энэ өдрөөс гурван сарын өмнө буюу 2024 оны 12 дугаарын сарын 10-ны өдөр тонн нүүрсний 1210 юань байсан бөгөөд тасралтгүй буурсан үзүүлэлттэй байв.

Мөн www.SXCoal.com веб сайтын мэдээллийг харахад,  Ганцмодны боомтод өнгөрсөн оны мөн үед нүүрсний үнэ 1,480 юань байсан бол одоо 870 юань болж буурсан байв. Харин Сэхэ боомтоор импортолж буй нүүрсний үнэ өнгөрсөн онд 960 юань байсан бол одоо 630 юань болж тус тус буурчээ.

Энэ талаар эдийн засагч Н.Энхбаяр ярихдаа, “Өнгөрсөн оны 1, 2 дугаар сард импортлосон коксжих нүүрсний үнэ 106 ам.доллар байсан бол энэ оны эхний хоёр сард 85 ам.доллар болж буураад байна. Үүний шалтгаан нь дэлхий нийтэд гангийн эрэлт буурч байгаатай холбоотой. Цаашид биржээр нүүрс худалдан авах сонирхол буурч, нүүрсний үнэ ч дэлхийн зах зээл дээр буурах болов уу” хэмээн ярьсан юм.