ВИДЕО: Барилгын кран орон сууцны барилга дээр унаж, айлын цонх хагарч, орон сууцны хаяг эвдэрсэн ч хохирлыг "Камдер" ХХК барагдуулаагүй байна

ВИДЕО: Барилгын кран орон сууцны барилга дээр унаж, айлын цонх хагарч, орон сууцны хаяг эвдэрсэн ч хохирлыг "Камдер" ХХК барагдуулаагүй байна

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Циркийн урд тус бүр нь 25 орчим давхар, олон блок орон сууцны хороолол барьж буй. Нийт 13,316 м2 талбай бүхий тус газарт өмнө нь “Автобус бааз-3” үйл ажиллагаа явуулдаг байсан. Улмаар 2021 онд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын үүсгэн байгуулсан “Камдер” ХХК “Автобус бааз-3”-ийн газар болон бусад объектыг худалдан авч, орон сууцны хороолол барьж эхэлсэн байдаг.

Тэгвэл өнгөрөгч бямба гарагийн шөнө /2025.03.08-09/ Циркийн урд “Камдер” ХХК-ийн барьж буй барилга дээр ажиллаж байсан краны хэсэг ойролцоох “UB Central residence” орон сууцны барилга дээр унаж, зарим айлын цонх хагарсан хэрэг гарсан юм. Иймд бид нөхцөл байдлыг газар дээрээс нь сурвалжиллаа.

ВИДЕО: 

Оршин суугчдын мэдээлж буйгаар краны хэсэг орон сууцны дээр байрлах хаягийг мөргөөд доош унахдаа гурван давхрын айлын цонхыг хагалсан байна. Энэ талаар “UB Central residence”-ийн СӨХ-ноос тодруулахад “Гэмтэж бэртсэн хүн байхгүй. Шүүхэд хандсан. Хохирлоо барагдуулж, нөхөн төлбөр гаргуулна. Шүүхэд хандсан байгаа тул одоогоор мэдээлэл өгөх ямар ч боломжгүй” гэх тайлбарыг өглөө.

Харин энэхүү хэрэг явдлын талаар хууль сахиулах байгууллагаас албан ёсны мэдээллийг одоогоор өгөөгүй байгаа юм.

Мөн энэ талаар Хяналт үнэлгээний үндэсний хорооны Нарийн бичгийн дарга Н.Лхагвадорж "UB Central residence" барилгын дээрээс унасан кран нь шинэ баригдаж буй барилгатайгаа бэхэлгээгээ сул хийсэнтэй холбоотойгоор салхинд унасан байна. Азаар хүний амь нас үрэгдээгүй. Тухайн краны бэхэлгээг хийх, ХАБ-ыг хангуулж ажиллах чиглэлийг өгсөн байгаа" гэжээ. 

Дулааны улирал эхэлж барилгын ажил идэвхжиж байгаа тул иргэд та бүхний баригдаж буй барилгын орчимд явахдаа анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлэх үүднээс мөн барилга барьж буй компаниуд аюулгүй байдлын дүрэм журам, стандартыг сайтар баримталж ажиллахыг сануулах үүднээс энэхүү мэдээллийг нийтэллээ.