Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтооход анхаарч ажиллаж байна

Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтооход анхаарч ажиллаж байна

Шүүх шинжилгээний тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, хохирлыг мөнгөн дүнгээр барагдуулах боломжтой болсон.

Тухайлбал, Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хүний амьд явах эрхийн эсрэг болон эрүүл мэнд, өмчлөх эрхийн эсрэг, бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг, хүүхдийн эсрэг зэрэг гэмт хэргүүдийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргаж байна.   

Хэнтий аймгийн прокурорын газраас хууль сахиулах болон бусад эрх бүхий байгууллагын ажилтан, алба хаагчдад Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээч, сэтгэцийн эмч, цагдаагийн дэслэгч Ц.Долгорсүрэнг урьж “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээ, анхаарах асуудал” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтад прокурор, Хэнтий аймаг дахь сум дундын давж заалдах болон анхан шатны шүүхийн шүүгч, Цагдаагийн газрын мөрдөгч, эрх бүхий албан тушаалтнууд, Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, өмгөөлөгч нар оролцож, гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, үнэлэх, дүгнэлт гаргах журмын зохицуулалт, тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, санал солилцсон байна.