УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Хөгжлийн банкны хэргээр ял авсан "Тогтоол"-оо гардан авахгүй байгаа нь прокурорын эсэргүүцлээр хэргийг хэлэлцсэнтэй холбоотой бололтой

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Хөгжлийн банкны хэргээр ял авсан "Тогтоол"-оо гардан авахгүй байгаа нь прокурорын эсэргүүцлээр хэргийг хэлэлцсэнтэй холбоотой бололтой

Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн оролцогчдод хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолыг өнгөрсөн хоёрдугаар сарын 21 /2025.02.21/-ний өдрөөс гардуулж эхэлсэн билээ. Энэ дагуу хэргийн оролцогч нар тогтоолоо гардан авсаар байгаа  бөгөөд өнөөдрийн байдлаар нийт хэргийн оролцогч нарын 80 гаруй хувь нь тогтоолоо гардан аваад байгаа аж.

Харин лайвчин Д.Мөнх-Эрдэнийн дүү УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар тогтоолоо гардан авахгүй байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, "Д.Цогтбаатар нь Улсын Дээд шүүхэд өөрөө гомдол гараагүй, харин прокуророос түүнд холбогдох хэрэгт эсэргүүцэл бичсэний дагуу Дээд шүүх хэргийг хэлэлцсэн учир тэрбээр ийнхүү тогтоолоо гардан авахгүй байгаа бололтой".

Хэрэв тэрбээр өөрөө Дээд шүүхэд гомдол гаргасан бол зайлшгүй тогтоолоо гардан авах хуулийн зохицуулалттай аж. 

Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нь 2016-2020 онд Хөгжлийн банкны Зээлийн хэлтсийн захирлаар ажиллаж байсан бөгөөд энэ үедээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт холбогдон “Хөгжлийн банк”-ны гэх хэрэгт яллагдагчаар татагдан шалгуулсан байдаг. Тодруулбал, түүнийг “Мон дулаан”, Газ Импорт”, “Бэрэн” ХХК-д давуу байдал бий болгосон үүний улмаас “Хөгжлийн банк”-нд их хэмжээний хохирол учирсан гэж яллагдагчаар татсан байгаа юм. 

Ингээд гурван шатны шүүхийн процесс үргэлжилж хамгийн сүүлд /2024.12.11/-ны өдөр Улсын Дээд Шүүхээс Д.Цогтбаатарыг гэм буруутай гэж үзэж Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасны дагуу гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг нь хоёр жилээр хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байдаг.