Залилах гэмт хэрэгт холбогдсон Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг дахин анхан шатны шүүх хэлэлцэхээр товложээ

Залилах гэмт хэрэгт холбогдсон Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг дахин анхан шатны шүүх хэлэлцэхээр товложээ

УИХ-ын гишүүн асан, Д.Кёкүшюзанбатбаяр, МУГЖ, дуучин Т.Баясгалан нар нь өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, хууль зөрчсөн гэх хэрэгт холбогдож, нэлээд олон жил хууль шүүхийн байгууллагаар шалгагдаж байгаа билээ. 

Тэдэнд холбогдох хэргийг хамгийн сүүлд 2023 оны аравдугаар сарын 04-ний өдөр Улсын дээд шүүх хэлэлцэх эсэхийг хэлэлцээд тус хэргийг хяналтын шатны шүүх хурлаар хэлэлцэхээс татгалзсан байдаг. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж, дээрх нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болсон юм. 

Тэгвэл УИХ-ын гишүүн асан, Д.Кёкүшюзанбатбаяр, МУГЖ, дуучин Т.Баясгалан нарын нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг энэ сарын 13-ны /2025.03.13/ өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэхээр болсон байна. 

Дээрх нэр бүхий шүүгдэгчид хувийн баталгаа гаргах, барьцаа авах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа аж. 

Эргэн сануулахад, Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 17.3-2.2, 18.6-1-т зааснаар буюу мөнгө угаах, залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн бол Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, дээрх нэр бүхий хүмүүсийг цагаатгаж шийдвэрлэсэн байдаг. Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг “анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож байсан юм.