ХБНГУ-ын үйлдвэрчний эвлэл ажил хаялт зарласнаас III сарын 10-ны өдрийн Улаанбаатар-Франкфурт чиглэлийн нислэг цуцлагдсан гэж МИАТ-ээс мэдэгдлээ.
Тодруулбал, ХБНГУ-ын “VERDI” үйлдвэрчний эвлэлээс энэ сарын 10-ны өдөр ажил хаялт зарласан бөгөөд Франкфурт нисэх буудал ажил хаялтын улмаас тухайн өдрийн нислэгүүдийг хүлээж авах боломжгүй болсныг мэдээлжээ.
Энэ өдөр тус нисэх буудалд нийт 1170 нислэгээр 150.000 зорчигч үйлчлүүлэхээр төлөвлөгдсөн ч нисэх буудлын газрын үйлчилгээ хариуцсан Фрапорт компанийн зүгээс харилцагч үйлчлүүлэгчдэд яаралтай мэдээлэл хүргэж, нислэгүүдийг цуцлах, зорчигчдыг нисэх буудал руу ирүүлэлгүйгээр зохицуулалт хийхийг анхааруулсан байна.
Тиймээс гуравдугаар сарын 10-ны өдрийн МИАТ ТӨХК -ийн ОМ137/ОМ138 аяллын дугаартай Улаанбаатар-Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэг цуцлагдаж байгааг МИАТ-ээс мэдэгдлээ. Мөн тухайн өдөр ОМ137/ОМ138 аяллын дугаартай нислэгээр зорчихоор төлөвлөсөн үйлчлүүлэгчид тийз худалдан авсан борлуулалтын төвдөө хандахыг хүссэн байна.