Голомт банк эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдний зах зээлд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх чиглэлд төрөл бүрийн шинэ санал санаачилга, төсөл хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлж ирсний хувьд МҮХАҮТ-аас зохион байгуулдаг “Lady Entrepreneur-2025” арга хэмжээнд хамтран ажиллаж, эмэгтэй бизнес эрхлэгчдийг онцлох, тэдний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, хамтын ажиллагааны боломжийг илүү өргөжүүлэхэд хувь нэмрээ орууллаа.
Энэхүү арга хэмжээгээр Монгол Улсын эдийн засгийн хөгжил, бизнесийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж буй эмэгтэй бизнесүүдийг тодорхой үзүүлэлтийн дагуу шалгаруулж, өргөмжилдөг уламжлалтай бөгөөд 14 дэх удаагийн “Lady Entrepreneur” арга хэмжээний хүрээнд Гран-При болон Онцлох Энтрепренёр номинациар нийт 14 байгууллагыг онцлон алдаршуулсан юм.
Голомт банк болон МҮХАҮТ хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийг хөгжүүлэх, дэмжих, тэдэнд тулгарч буй зах зээлийн саад бэрхшээлийг арилгах, бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгарлыг бий болгох, эмэгтэй удирдлагатай бизнесийг олон нийтэд таниулах, сурталчлах зорилгоор “Women Owned” тохирлын тэмдэгтийг 2023 онд нэвтрүүлсэн билээ. Харин энэ удаагийн шагнал гардуулах арга хэмжээний үеэр “ОРЧИД КРЕЙТИВ” ХХК болон “ДОМЧИЙН УХААН” ХХК гэсэн 2 байгууллагад “Women Owned” тохирлын тэмдэгтийг эзэмших гэрчилгээг шинээр гардуулан өглөө.
Одоогийн байдлаар тус тохирлын тэмдэгтийг шаардлага хангасан 60 орчим байгууллага өөрийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаагаас 16 байгууллага нь “Women Owned” шошготой бүтээгдэхүүн үйлчилгээгээ зах зээлд түгээж, хэрэглэгчдийнхээ гарт амжилттай хүргээд буй.
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжигч Голомт банк