Өнөөдөр /2025.03.09/ нутгийн хойд хэсгээр, маргааш /2025.03.10/ нутгийн баруун хагаст, энэ сарын 11-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг онцгойлон анхааруулж байна.
Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, говь, талын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -11…-16 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар +6…+11 градус, бусад нутгаар +1...+6 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. +3…+5 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.