Музейн нээлттэй өдрүүд өнөөдрөөс эхэллээ

Музейн нээлттэй өдрүүд өнөөдрөөс эхэллээ

Гуравдугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулдаг “Музейн нээлттэй өдрүүд” энэ жил монголчуудын үндэсний цагаан сарын баяртай давхацсан тул Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын тушаалаар өнөөдрөөс эхлүүллээ.

Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогод заасан зорилт арга хэмжээний хэрэгжилтийг­ хангахад дэмжлэг үзүүлэх зорилгын хүрээнд 2018 оноос “Музейн нээлттэй өдрүүд”-ийг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр зохион байгуулж ирсэн. 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 96 дугаар тогтоолоор “Монголчуудын төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн 3 дугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Урин хаврыг угтсан соёлын томоохон үйл ажиллагаа “Музейн нээлттэй өдрүүд”-ээр уламжлал ёсоор төрийн болон орон нутгийн өмчийн музейд байнгын үзүүллэгийн танхимаараа иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм. Мөн Монгол Улсын Засгийн газраас “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталсантай холбогдуулан “Бүсчилсэн хөгжил ба эх оронч үзэл” агуулгын хүрээнд олон нийтийн оролцоог хангасан тусгай үзэсгэлэн, боловсролын хөтөлбөр, лекц, уулзалт хэлэлцүүлэг зэрэг нийгэмд чиглэсэн олон төрлийн ажлыг зохион байгуулна.

Энэ жил оюутан залуучуудын оролцоог түлхүү хангахыг зорьж Монголын оюутны холбоотой хамтран их, дээд сургуулийн парламентын мэтгэлцээний клубүүдийн оюутан, залуучуудын дунд “Монголчуудын түүх, соёлын өв, музей” сэдвийн хүрээнд “Уран илтгэлийн уралдаан”, “Мэтгэлцээн” явуулна.

Мөн Чингис хаан Үндэсний музей мэргэжлийн ангийн оюутнуудад зориулсан “Нээлттэй сан хөмрөг” үйл ажиллагааг зохион байгуулж Монголын үе үеийн төрийн тэргүүнд бэлэглэсэн гадаад, дотоодын бэлэг дурсгалын зүйлс зэргээс бүрдсэн тус музейн сан хөмрөгийг анх удаа нээлттэй толилуулах юм. Монголын Үндэсний музейгээс “Монгол шатрын бэлгэдэл”, “Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн дарга Лосолын Лааган” олон нийтэд нээлттэй лекцүүд, Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр Мартын 8-ны өдрийг тохиолдуулан Дүрслэх урлагийн музей “Бүсгүйчүүдийн дүр дүрслэх урлагт-5”, Монголын Уран зургийн галерей “Урлаг ба бүсгүй” сэдэвчилсэн үзэсгэлэн, эвент, Богд хааны ордон музей “Шинийн наймны Цагаан дара эх” танин мэдэхүйн үйл ажиллагаа, Монголын театрын музейгээс Зохиолч, найруулагч Т.Чимэдийн “Туулсан зам” 7 бүлэг баримтат киног “Агуй” танхимдаа тайлбартай үзүүлэхээс гадна хүүхдэд зориулсан олон төрлийн боловсрол танин мэдэхүй ажлыг зохион байгуулах юм. Энэ удаагийн музейн нээлттэй өдрүүдийн хүрээнд төрийн болон орон нутгийн 35 музей хамрагдаж оршин байгаа газар нутгийн ард иргэддээ зориулсан соёл, гэгээрлийн ажил зохион байгуулж, музейн байнгын үзүүллэгийн танхимаараа үнэ төлбөргүй үйлчилнэ.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 10 музейд тусгай болон сэдэвчилсэн 9 үзэсгэлэн, 7 удаагийн нээлттэй лекц, боловсрол танин мэдэхүйн 18 хөтөлбөр нийт 50 орчим үйл ажиллагааг зохион байгуулах юм. Музейн нээлттэй өдрүүд энэ сарын 13-ныг хүртэл үргэлжилнэ.




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө