Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух нэг айлын зургаан хүн угаартсан байдалтай нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-ний шилжих шөнө гарсан билээ.
Улмаар цэргийн алба хааж байхдаа ээж, дүү нараа харамсалтайгаар алдсан О.Одбаяр мэдээлэл хийж, "Дөрвөн дүү, ээжийгээ алдлаа. Надад үнэхээр хэцүү байна. Би өмгөөлөгчгүй ганцаараа байгаа. Өмнө нь нүүрс түлдэг байхад угаартлаа гэж ярьдаггүй байсан. Гэтэл юугаа ч мэдэхгүй миний жаахан дүү нарт ийм зүйлс тохиолдлоо. 6, 9, 15, 17 насны миний дөрвөн дүү, ээж маань 1983 оны хүн байсан. Миний ах ээжээс маань 4-5 ах хүн байсан. Цэргийн алба хааж байхад надад чөлөө өгсөн. Ингээд чөлөөгөөр ирээд гэртээ иртэл ээж, гурван дүү, ах, ахын маань охин угаараас болоод амиа алдсан гэж хэлсэн" хэмээн хоолой чичрүүлэн ярьсан нь олны сэтгэлийг сэрдхийлгэж, эл асуудлыг олны анхаарлын төвд аваачсан байдаг. Мөн тухайн хохирогч хүү "Одоогоор намайг эл хэргийн хохирогчоор тогтоогоогүй, эгч маань хохирогчоор явж байгаа" гэдгийг онцолсон юм.
Харин цагдаагийн байгууллагаас "Зургаан хүний амь хохирсон хэргийн шалтгаан нь урьдчилсан байдлаар угаарын хийн хордлого гэдэг нь тогтоогдсон. Цагдаагийн байгууллага хүний амь нас хохирсон тохиолдол бүрийн гаднын нөлөөтэй, гаднын нөлөөгүй эсэхээс үл шалтгаалан мөрдөн шалгадаг. Ямар шалтгааны учир хүний амь нас хохирсон бэ гэдгийг нь тогтоож, хуулийн дагуу шийдвэр гаргадаг. Тэр хууль, журмын дагуу явагдаж байгаа ажиллагаа.
Амь хохирогчдын ар гэрийн хүн болох цэргийн алба хаагчийг хэвлэл, мэдээлэл, олон нийтэд мэдээлэл өгүүлэхгүй гэх ямар ч шалтгаан байхгүй. Нас барсан мэдээллийг цагдаа шалгаж эхлэхэд хүү /цэргийн алба хаагч/ Улаанбаатар хотод байгаагүй. Ирэх хүртэл нь хүлээгээд мөрдөн шалгах ажиллагааг явуулахгүй байх боломжгүй, өөрөөр хэлбэл шалгалтын ажиллагаа цаг алдалгүй явагдах ёстой. Энэ хүрээнд амь хохирогчдын ойрын садан болох дүүг хэргийн оролцогч /хохирогч/-оор тогтоон хуулийн хүрээнд шалгалтын явц байдлыг тухай бүр нь танилцуулж, болсон асуудлын талаар мэдэх зүйлсийг нь асууж мэдүүлэг авах ажиллагаа явагдсан" гэх мэдээллийг өгсөн байдаг.
Тэгвэл зургаан хүн угаартаж амиа алдсан хэргийн хохирогчоор одоогоор О.Одбаярыг тогтоогоогүй байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. Учир нь тэрбээр тухайн хэрэгт хохирогчоор тогтоолгох хүсэлт гаргаагүй байна. Гэсэн ч хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж, амиа алдсан О нарын зургаан хүний угаартаж амиа алдсан хэрэгт талийгаачийн дүү хохирогчоор оролцож, тайлбар мэдүүлэг өгч байгаа аж. Бид уг хэргийн талаарх мэдээллийг эргэн мэдээлэх болно.
Ташрамд өгүүлэхэд, угаартаж амиа алдсан дээрх 6 хүний хувийн мэдээллийг задруулсан хэрэгт иргэн Б нарын хоёр хүнийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.