Засгийн газрын өчигдрийн /2025.03.06/ хуралдаанаар мөрийтэй тоглоом, бооцоот тааврын асуудлыг хэлэлцэж, холбогдох хуулийн төслийг УИХ-д яаралтай горимоор өргөн мэдүүлэхээр тогтсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, цахим мөрийтэй тоглоомыг бүх талаар хязгаарлахтай холбогдуулан Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Банкны тухай хуульд өөрчлөлт оруулахаар болсныг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Н.Учрал мэдэгдсэн юм.
ВИДЕО:
-Н.УЧРАЛ: ХУУЛЬ ЗӨРЧИЖ ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫГ VPN-ЭЭР ТАТААД ТОГЛОВОЛ, ЗОХИОН БАЙГУУЛБАЛ, ЗУУЧИЛЖ БАЙВАЛ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ-
Тэрбээр энэ талаар "Спортын бооцоот тааврыг зөвшөөрч, үүнээс бусад бооцоот таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох хуулийн төслийг УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлэхээр шийдвэрлэж байна. Үндэсний Статистикийн Хорооноос хийсэн судалгаагаар 2023 оны байдлаар эдийн засгийн гэмт хэрэг 200 бүртгэгдэж, 2024 онд эдийн засгийн гэмт хэргийн улмаас нийт 417.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад авсан мэдээллийг нэгтгэн дүгнэвэл нийтдээ манай улсаас 1.7 их наяд буюу 500 сая ам.доллар гадаад улс руу шилжсэн байна. Цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг 1xbet-ээс манай улс руу зар сурталчилгааны зорилгоор 976 мянган ам.доллар шилжиж ирсэн.
Зар сурталчилгаанд буюу бүх төрлийн үйл ажиллагааг спонсорлох нэрийдлээр нэг сая хүрэхгүй ам.доллар гаднаас оруулж ирдэг хэр нь 500 сая ам.долларыг урсгаж байгаа тооцоолол гарсан. Өнгөрсөн хугацаанд Харилцаа Холбооны Зохицуулах Хороо цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг нийт 6,036 домайн хаягт Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарласан ч линкүүдийг сольж, VPN ашиглаж энэ төрлийн үйл ажиллагааг үргэлжлүүлж байна. Энэ аж ахуйн нэгжүүд дээр Монополийн Эсрэг Газраас өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дагуу зөрчилтэй шинжтэй үйлдлийг нь хязгаарлаж, Зөрчлийн хуулиар 13,500,000 төгрөгийн торгууль ногдуулсан. Ийм бага хэмжээтэй. Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар л ийм байна. Тиймээс Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулаад зөвшөөрөл аваад үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн аж ахуйн нэгжүүд, зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн аж ахуйн нэгжүүдийг, мөн цахим мөрийтэй тоглоомыг үйл ажиллагааг хөхиүлэн дэмждэг агент нэртэй зуучлагчийн үйл ажиллагааг энэ хуулиар бүрэн хориглохоор УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтож байна.
Агент буюу зуучлагчийн үйл ажиллагаа явуулж байгаа үйлдэлд нь, цахим мөрийтэй тоглоом тоглож байгаа, зохион байгуулж байгаа, сурталчилж байгаа бүх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг чангатгана. Зөвшөөрлийн хуулиар цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглож байна гэсэн үг. УИХ-аар хэлэлцэн баталснаар агентын үйл ажиллагааг бүрэн хориглоно. Мөн батлагдаад хэрэгжиж эхлэхэд Apple store, Metа компани руу хууль хэрэгжүүл гэх шаардлагыг тавьж, App Store, Play Store-оос бүх төрлийн цахим мөрийтэй тоглоомыг аппликэйшнүүд татагдахаа болино.
Хэрэв хууль зөрчиж, цахим мөрийтэй тоглоомыг өөр төрлийн линкээс, VPN-ээр татаад тогловол, зохион байгуулбал, зуучилж байвал эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүү, Зөрчлийн, Зар сурталчилгааны, Зөвшөөрлийн тухай хуулиудад өөрчлөлт орж байна.
Мөн Банкны тухай хууль өөрчлөлт оруулж байгаатай холбоотойгоор хойшлуулшгүй тохиолдолд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хязгаарлалт тогтооно" гэсэн юм.
-ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫН ЗАР СУРТАЛЧИЛГАА ЯВУУЛБАЛ 5-100 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОЖ, 1-3 ЖИЛ ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛ ШИЙТГЭНЭ-
Тэгвэл дээрх төрлийн зөрчил гаргаж, хэрэг үйлдсэн хувь хүн, аж ахуй нэгжүүдэд Зөрчлийн болон Эрүүгийн хуулиар ямар ял шийтгэл оногдуулах тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна. Тухайлбал, Эрүүгийн хуульд,
- Спортын бооцоот тааврын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн тохиолдолд 10-50 сая төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тусгай ажил хийлгэх, 1-3 жил хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
- Мэдээллийн технологи, программ хангамж ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол 3-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Одоогийн ялын хэмжээ нь 6 сараас 3 жил хүртэл байгаа аж.
- Мөрийтэй тоглоомын газар байгуулсан, ажиллуулсан, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 5-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Одоогийн ялын хэмжээ нь 1 жилээс 5 жил хүртэл байна.
- Өөрийн нэр дээр бүртгэлтэй төлбөр тооцооны данс, цахим мөнгө худалдах, худалдан авах бирж, харилцаа холбооны сүлжээний дугаар, цахим хаягаа бусдад ашиглуулсан этгээдийг 10-100 сая төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тусгай ажил хийлгэх, 1-3 жилээр зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
- Зар сурталчилгааны хийсэн үйлдэлд хариуцлага 5-100 сая төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
- Мөрийтэй тоглоомыг удаа дараа, эсхүл интернэт протоколын хаягийг өөрчилж тоглосон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлийг Зөрчлийн хуулиар оногдуулна.
- Хойшлуулшгүй тохиолдолд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоох бөгөөд үүнтэй холбогдуулан Банкны тухай хуульд өөрчлөлт оруулахаар болжээ.