Одоогоос нэг жил гаруйн өмнө буюу 2024 оны нэгдүгээр сарын 24-ний /2024.01.24/ өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд замд газ тээвэрлэж явсан том оврын машин дэлбэрсэн ноцтой осол гарсан билээ.
Тухайн ослын хэрэгт "Дашваанжил" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баатаржав болон тус компанийн жолооч Ч.Ренцэндорж нарыг яллагдагчаар татан, мөрдөн шалгаж, улмаар тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2025.03.06/ болохоор товлогдоод байсан юм.
Харин тус хэргийг шүүх шүүгч "Ногоон автобус"-ны хэргийг дэнслэж байгаатай холбоотойгоор "Дүнжингарав"-ын хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшилсон байна. Харин "Ногоон автобус"-ны хэрэг дууссан дараа "Дүнжингарав"-ын хэрэг "Сүлд" чуулгын танхимд болох аж. Учир нь тус хэргийг шүүх хурлын хэргийн оролцогч, хохирогч гээд 400 орчим хүн байгаа учир шүүхээс хэргийг дээрх газарт явуулахаар зохион байгуулалт хийсэн байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Ташрамд өгүүлэхэд, "Дүнжингарав"-ын ослын улмаас Онцгой байдлын газрын гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан 4 иргэн нас барж, таван хүн хүнд, нэг хүн хүндэвтэр, 35 хүнд хөнгөн зэргийн гэмтэл авсан байдаг. Мөн 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон байдаг.
Дээрх нэр бүхий хүмүүст Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 2 /Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/, 11.3 дугаар зүйлийн 2 /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах/, 11.5 дугаар зүйлийн 1 /Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах/-т зааснаар буюу тав хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.