Өнөөдөр /2025.03.06/ Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 112 жилийн ой тохиож байна. Тодруулбал, одоогоос 112 жилийн өмнө буюу 1913 оны 03 дугаар сарын 06-ны өдөр "Шинэ толь” хэмээх сонин бичгийн анхны дугаар гарсан нь Монгол улсад хэвлэл мэдээллийн салбар үүсэж хөгжих үндэс тавигдсан түүхтэй.
Тэгвэл Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 112 жилийн ой, Хэвлэл, мэдээллийн ажилтны өдрийг тохиолдуулж Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр мэндчилгээ дэвшүүлжээ.
Тэрбээр, "Монголын сэтгүүлчдийн холбооны долдугаар их хурлаар энэ өдрийг Үндэсний сэтгүүл зүй үүссэн өдөр, Засгийн газрын тогтоолоор “Хэвлэл, мэдээллийн ажилтны өдөр” болгон 2009 оноос хойш жил бүр тэмдэглэж байна. Үе үеийн сэтгүүлчид, хэвлэл, мэдээллийн байгууллагын нийт ажилтан та бүхэнд ойн баярын мэндийг хүргэж, олон түмний харах нүд, сонсох чих, шударга үнэний дуу хоолой болсон эрхэм бөгөөд хариуцлагатай албанд тань өндөр амжилт хүсье" гэжээ.