"Дүнжингарав"-ын ослын хэрэгт яллагдагчаар татагдсан "Дашваанжил"-ын жолооч Ч.Ренцэндорж, захирал Н.Баатаржав нарыг шүүх хурлыг хойшлууллаа

"Дүнжингарав"-ын ослын хэрэгт яллагдагчаар татагдсан "Дашваанжил"-ын жолооч Ч.Ренцэндорж, захирал Н.Баатаржав нарыг шүүх хурлыг хойшлууллаа

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт болсон газ дэлбэрэлтийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.03.06/ товлосон боловч тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Учир нь шүүх хурлыг даргалагч шүүгч нь ногоон автобусны хэргийн хурлын бүрэлдэхүүнд ажиллаж байгаа учраас хойшлуулахаар болсон байна. Ногоон автобусны шүүх хурал 2025 оны гуравдугаар сарын 6-ны 13.30 цагаас үргэлжлэх юм.

Одоогоос нэг жил гаруйн өмнө буюу 2024 оны нэгдүгээр сарын 24-ний /2024.01.24/ өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд замд газ тээвэрлэж явсан том оврын машин дэлбэрч, их хэмжээний хохирол учирсан билээ. 

Ослын улмаас Онцгой байдлын газрын гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан 4 иргэн нас барж, таван хүн хүнд, нэг хүн хүндэвтэр, 35 хүнд хөнгөн зэргийн гэмтэл авсан байдаг. Мөн 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон байдаг. Улмаар тухайн хэрэгт "Дашваанжил" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баатаржав болон тус компанийн  жолооч Ч.Ренцэндорж нарыг яллагдагчаар татан, мөрдөн шалгасан. Ингээд өнгөрсөн арванхоёрдугаар сард прокуророос тус хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. Хэргийг прокурорын байгууллагаас /2025.01.21/ нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлсэн. Шүүхээс хэргийн материалыг хянаж үзээд, хүлээн авсан байдаг.