Сүүлийн таван жилийн хугацаанд хүн амын эмчилгээнд хэрэглэдэг эмийг зориулалтын бусаар ашигласны улмаас 14 иргэн амь насаа алдаж, 45 орчим хүүхэд мөчдийн эрхтнээ тайруулсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн байдаг.
Гэсэн ч зарим иргэд бүлэглэн эл төрлийн эмийг худалдан борлуулах тохиолдол гарсаар байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд Монгол Улсын иргэн “Д” нь бусадтай бүлэглэн өвчин намдаах үйлчилгээтэй эмийг орон нутгаас хот хоорондын тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот руу хүргэж, зарж борлуулахыг завдсан байдаг.
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас тухайн хэрэгт 22-27 насны 8 иргэнийг холбогдуулан шалгаж аж.
Ингэхдээ дээрх нэр бүхий этгээдүүдийг Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх заалттай зүйл ангиар яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Дээрх этгээдүүд нь нийт 980 ширхэг өвчин намдаах үйлчилгээтэй эмийг хууль бусаар Улаанбаатар хот руу оруулж, зарж борлуулахыг завдсан байна.
Ташрамд өгүүлэхэд, энэ төрлийн гэмт хэрэг нь Улаанбаатар хотод 2017 онд бүртгэгдэж байсан бол өнөөдрийн байдлаар 10 аймагт бүртгэгдэж улам бүр хүрээгээ тэлж байна. Тухайн эм нь олдоц ихтэй, эрүүл мэндийн байгууллагын хяналт сул, иргэд олж авахад хялбар байдгаас үүдэж энэ төрлийн эмийг урвуулан ашиглаж мансуурах тохиолдол нэмэгдэж байна. Иймд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналттай сайжруулж, биеийн аль нэг хэсэгт зүү тариурын ул мөр байгаа эсэхийг шалгаж, шинж тэмдэг илэрсэн тохиолдолд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, дүүргийн наркологийн тасаг, Хар тамхитай тэмцэх газарт хандахыг зөвлөж байна.
Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйл /Хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах/-ийн 2-д "Эм, эмийн түүхий эд, биобэлдмэл эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.