Монголын хөлбөмбөгийн холбоо/МХБХ/-ны зөвлөлийн хурал өчигдөр /2025.03.03/ нийт 15 гишүүнээс М.Болд, С.Жаргалсайхан, Б.Гантиг, Ч.Мөнхзул, Д.Нанжид, С.Гантөр, М.Баярмагнай, С.Пүрэвсүх, Л.Наранбаатар, Б.Энхжин, А.Ганбаатар, И.Сарангэрэл нарын 12 гишүүний ирцтэйгээр боллоо.
Зөвлөлийн хурлаар МХБХ-ны ээлжит бус Их Хурлыг ирэх дөрөвдүгээр сарын 3-нд товлосноор тухайн өдөр холбооны Ерөнхийлөгчийн сонгууль болон Зөвлөлийн хоёр гишүүнийг шинээр сонгох аж.
Үүнээс хэд хоногийн өмнө буюу хоёрдугаар сарын 24-ны өдөр гаргасан тус холбооны мэдэгдэлд
"Сүүлийн үед МХБХ-нд үүсээд буй нөхцөл байдлыг далимдуулан ашиг хонжоо хайгч цөөн хүмүүс Зөвлөлийн гишүүдэд зохион байгуулалттайгаар аливаа шахалт дарамт, сүрдүүлгийг үзүүлэх гэсэн бусармаг үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэхүү шударга бус зүйлээс МХБХ-ны гишүүдээ ч, Зөвлөлийн гишүүдээ ч хамгаалахаа мэдэгдэж байна.
Аливаа байгууллага алдаа оноотой ажиллаж, түүнийгээ засч залруулан үйл ажиллагаагаа улам сайжруулж байдаг нь зүй ёсны хөгжлийн нэгэн хэсэг юм. МХБХ-ны өмнө тулгарсан хэсэг зуурын асуудлыг дэвэргэн, тулгарсан асуудлыг улс төрийн сонирхолд ашиглахаар улайран зүтгэж буй цөөн хүний ятгалгад автаж, эсвэл бодит учрыг олохгүйгээр аялдан дагалдахгүй байхыг та бүхнээсээ хүсье.
МХБХ-ны Гишүүн байгууллага чамгүй олон бэлтгэлийг хангаж, Азийн хөлбөмбөгийн түвшинд лицензтэй болдог. Хэдэн жилийн хөдөлмөр, хүчээ ийнхүү үргүй хоосон зарцуулахгүй байхыг уриалж байна.
Хэдхэн хоногийн өмнө ОУХБХ-ны Аудит ирж өргөн цар хүрээтэйгээр санхүүгийн шалгалтаа хийсэн бөгөөд дүгнэлт нь тун удахгүй гарч ирнэ. Ерөнхийлөгчийг сонгох Их хурлаа тун удахгүй зохион байгуулна. Гишүүн байгууллагууд маань бүрэн ирцтэйгээр оролцоно гэж итгэж байна" гэжээ.