Сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 256 бөхийн уламжлалт барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, тус барилдаанд түрүүлсэн улсын аварга О.Хангай 6550 оноотой тэргүүлж эхэллээ.
Түүний араас сар шинийн барилдаанд үзүүрлэсэн улсын заан М.Лхагвагэрэл, улсын начин Д.Амарсайхан, Ч.Батчулуун, Э.Батмагнай, улсын арслан Ц.Бямба-Отгон тэргүүтэй бөхчүүд удаалж байна. Монголын үндэсний бөхийн холбоо томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж ажиллаж байгаа. Баталсан цаглаврын дагуу өндөр зэрэглэлтэй бөхчүүдийн чансаа тогтоох барилдааныг сард хоёр удаа, намраас хаврын улиралд нийт 16-18 удаа зохион байгуулахаар төлөвлөсөн болно. Эдгээр барилдаанд оролцсон идэвх, гаргасан амжилтанд үндэслэн жил жилийн шилдэг бөхчүүдийн чансааг devjee.mn цахим хуудастай хамтран гаргаж байгаа юм. Өндөр зэрэглэлтэй бөхчүүдийн чансаа тогтоох барилдаанд дараах барилдаануудыг хамруулна. Үүнд:
- Сар шинийн баярт зориулсан барилдаан
- Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаан
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан
- Улс тунхагласны баярт зориулсан барилдаан
- Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан
- Нийслэлийн өдөрт зориулсан барилдаан
- Монгол цэргийн өдөрт зориулсан барилдаан
- Богдхан хайрханы хишиг барилдаан
- Сонгинохайрханы хишиг барилдаан
- Чингэлтэй хайрханы хишиг барилдаан
- Баянзүрх хайрханы хишиг барилдаан
- Улсын аварга цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
- Улсын арслан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
- Улсын гарьд цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
- Улсын заан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
- Улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
- Улсын начин цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
- 8 даваа 1500 оноо
- 7 даваа 1000 оноо
- 6 даваа 600 оноо
- 5 даваа 400 оноо
- 4 даваа 300 оноо
- 3 давааа 200 оноо
- 2 даваа 100 оноо
- 1 даваа 50 оноо
- Оролцоо +100