Европын орнуудын удирдагчид Лондон хотноо ням гарагт уулзах үеэрээ Украин дахь дайныг тайван замаар зохицуулах төлөвлөгөө боловсруулах, уг төлөвлөгөөг АНУ-тай зөвшилцөхөөр тохиролцсон тухай Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер мэдэгджээ.
Европын удирдагчид мөн батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэх шаардлагатай гэдэгтэй санал нэгдсэн байна. Түүнчлэн Европын Холбооны олон орон санхүүгийн хүнд нөхцөл байдлыг даван туулж байгааг харгалзан өрийн хэмжээг хязгаарласан дүрмийг зөөлрүүлэхийг Европын Комиссын дарга санал болголоо.
К.Стармерийн мэдэгдсэнээр, Их Британи, Украин, Франц улсууд энэ төлөвлөгөөг боловсруулах эвслийг байгуулах аж. "Өнөөдөр бид түүхийн эргэлтийн цэгт ирээд байна. Одоо хэлэлцэж суух биш, бодитоор хийх цаг ирлээ. Бат бөх, шударга энх тайвныг тогтоох шинэ төлөвлөгөөг боловсруулахын тулд эвлэлдэн нэгдэж, манлайлах хэрэгтэй" гэж тэрбээр мэдэгджээ.
Дээд хэмжээний уулзалтын дараа хийсэн хэвлэлийн хурлын үеэр К.Стармер агаарын довтолгооноос хамгаалах 5000 гаруй пуужинг худалдаж авахад зориулж Оросын битүүмжилсэн хөрөнгийн хүүгийн орлогоос 1.6 тэрбум фунт стерлингийг Украинд олгохоор шийдвэрлэснийг мэдэгдсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ