Одоогоос нэг жил гаруйн өмнө буюу 2024 оны нэгдүгээр сарын 24-ний /2024.01.24/ өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд замд газ тээвэрлэж явсан том оврын машин дэлбэрч, их хэмжээний хохирол учирсан билээ.
Ослын улмаас Онцгой байдлын газрын гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан 4 иргэн нас барж, таван хүн хүнд, нэг хүн хүндэвтэр, 35 хүнд хөнгөн зэргийн гэмтэл авсан байдаг. Мөн 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон байдаг.
Улмаар тухайн хэрэгт "Дашваанжил" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баатаржав болон тус компанийн жолооч Ч.Ренцэндорж нарыг яллагдагчаар татан, мөрдөн шалгасан. Ингээд өнгөрсөн арванхоёрдугаар сард прокуророос тус хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.
Тэгвэл тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг ирэх пүрэв гарагт буюу гуравдугаар сарын 06-ны /2025.03.06/ өдөр хийхээр товлосон байна.
Ташрамд өгүүлэхэд, дээрх нэр бүхий хүмүүст Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 2 /Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/, 11.3 дугаар зүйлийн 2 /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах/, 11.5 дугаар зүйлийн 1 /Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах/-т зааснаар буюу тав хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.