XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярын энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар “Чингис хаан” үндэсний музейд Их хааны өргөөг байгуулж, хааны алтан хөшөө, Шүтээн их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээн залсан байна.
ВИДЕО:
Чингис хаан” үндэсний музейн “Их хааны өргөө”-нд залсан 700 см х 630 см х 750 см хэмжээтэй Их эзэн Чингис хааны алтан хөшөөг Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч Л.Болд бүтээжээ. Чингис хааны хүрэл баримлыг 7 кг алтаар бүрсэн. Харин цул алтан… pic.twitter.com/k3TInaLKWy
— Tseka (@Tseka_) March 1, 2025
Их хааны өргөөг төрт ёсны түүхэн уламжлал, бэлгэдлийн гүн утга, агуулгыг шингээн, түүхэн эх сурвалжийн мэдээ баримт, археологийн баримтуудад тулгуурлан байгуулж, Монгол гэрийг бэлгэдсэн өргөөг нар, сарыг тэргүүндээ залсан алтан шонхор шувуу шунгаж буусан байдлаар урлажээ.
Их эзэн хаан Их Монгол Улсаа байгуулж, өргөөнийхөө хойморт заларч буйгаар бүтээсэн байна. Хааны баруун гар талд монголчуудын шүтээн, энх амгалан, түвшин төрийн бэлгэдэл болох Шүтээн их цагаан тугийг байрлуулжээ.
Монголчуудын түүхэн эх сурвалж, Эзэнт гүрний төрт ёсны уламжлалд тулгуурлан алтан хөшөө бүтээх нь Их хааныхаа түүхэн үйл хэргийг алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх эрхэм үүргийн нэг. Алтан хөшөө нь Чингис хаан Төрийн алтан тамгаа залж, Их Монгол Улсаа байгуулснаа түмэн олонд зарлан тунхаглаж байгаа буюу “…шинэхэн сийлсэн хааны тамгыг хуралдагсдад үзүүлэн тамганд сийлсэн зарлигийг хурсанд уншиж өгөн хас тамгыг хаанд өргөв…” гэсэн түүхэн баримтат агшныг мөнхжүүлсэн бүтээл болсон талаар ЕТГ-ын албаны ёсны мэдээлэлд дурдсан байна.
Сонирхуулахад, Алтан хөшөөг Италийн Флоренци хотын “Art’u di Gaetano Salmista” хүрлийн үйлдвэрт цутгасан байна. 700 см х 630 см х 750 см хэмжээтэй Их эзэн Чингис хааны алтан хөшөөг Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч Л.Болд бүтээжээ. Чингис хааны хүрэл баримлыг 7 кг алтаар бүрсэн. Харин цул алтан эрдэнийн Хасбуу тамгыг бүтээхэд 100 кг алт оржээ.