Электрон спортын төрөл нь 2023 онд БНХАУ-ын Ханжоу хотод зохион байгуулагдсан “ХАНЖОУ 2022” зуны Азийн 19 дүгээр наадамд 4 төрлөөр багтаж эхэлсэн бөгөөд 2026 онд Япон Улсад зохион байгуулагдах “Айчи-Нагояа 2026” зуны 20 дугаар наадамд 8 спортын төрлөөр хөтөлбөрт багтаад байгаа билээ.
Үүнтэй холбогдуулан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин электрон спортын ертөнцөд дэлхий дахиныг шуугиулж буй “The Mongolz” багийг хүлээн авч уулзлаа.
The MongolZ баг нь Монгол Улсын Үндэсний шигшээ багийн үндсэн бүрэлдэхүүнд багтаж эхэлсэн бөгөөд уулзалтын үеэр сайд Ч.Номин сайд багийн амжилтыг өндрөөр үнэлж, Монгол Улсын нэрийг олон улсад гаргаж буйд талархал илэрхийлэв. Мөн тэрээр цахим спортын хөгжилд төрийн зүгээс дэмжлэг үзүүлэхээ онцлон тэмдэглэж, цаашдаа төрөл, бүрэлдэхүүнийг нэмэгдэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов.
The MongolZ баг 2013 онд анх Dota 2 төрлөөр үүсгэн байгуулагдаж байсан бол 2015 оноос эхлэн Counter Strike төрлөөр өргөжиж, сүүлийн жилүүдэд Азийн “COUNTER STRIKE 2” төрлийн бүхий л рекордуудыг эвдэж, дэлхийн чансааны 3 дугаарт эрэмбэлэгдэж байна.
Сүүлийн жилүүдэд "The MongolZ" баг олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож, Монгол Улсын цахим спортын нэр хүндийг өсгөсөөр байна. Тухайлбал, “The MongolZ” баг Мэйжорт гурван удаа шалгарч, 2024 оны “PGL Major Copenhagen” тэмцээний хасагдах шатанд, Шанхайн Мэйжорын плей-оффын шатанд тус тус шалгарч, түүхэн амжилт үзүүлсэн.
“The MongolZ” баг шинэ улирлаа амжилт дүүрэн эхлүүлж, “CS2”-ийн томоохон тэмцээнүүдийн плей-оффын шатанд дараалан шалгарсан бөгөөд 3 дугаар сарын 7-16-нд зохиогдох ESL Pro League Season 21-т оролцох гэж байна. Мөн үргэлжлүүлэн Швед, Дани, АНУ, Австрали, Румын зэрэг улсуудад зохион байгуулагдах чансаа өндөртэй тэмцээнүүдэд өрсөлдөх юм.
Багийн одоогийн бүрэлдэхүүнд Б.Гарьдмагнай (bLitz), М.Содбаяр (Techno4K), Б.Өсөхбаяр (910), Б.Аюуш (mzinho), М.Азбаяр (Senzu) нар багтдаг бөгөөд дасгалжуулагчаар Б.Эрдэнэдалай (maaRaa) ажиллаж байна. The MongolZ баг дэлхийн өнцөг булан бүрд фэнүүдтэй бөгөөд энэ нь Монгол Улсыг олон улсад сурталчлах томоохон хөшүүрэг болж байгаа юм.