"Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн барилдааны гурвын даваа өнөөдөр /2025.02.28/ Монгол бөхийн өргөөнд 13:00 цагт эхэлнэ.
Өчигдөр /2025.02.27/ нэг, хоёрын даваанд улс, аймаг, цэргийн цолтой 256 бөх барилдсан. Эхний өдөр олон сонирхолтой барилдаан болж, түрүү бөхийн таамагт байсан аварга, арслангууд өвдөг шороодсон билээ.
Тодруулбал, нэгийн даваанд улсын харцага Ш.Уламбаяр, А.Цацабшир, Ш.Мөнгөнбаатар нар өвдөг шороодсон байгаа бол идэр залуучуудаас улсын харцага цолтой Ш.Пүрэвгарьд, Л.Лха-Очир, Т.Бэгзсүрэн, Б.Цэдэнсодном, Ц.Мөнхбаяр нар эхний даваандаа бүдэрчээ.
Тэгвэл улсын начин цолтнуудаас Ч.Батчулуун, Д.Цэрэнтогтох, Б.Сугаржаргал, Ш.Дарханбат, Х.Оргилболд, Б.Баянмөнх, Г.Дармаажанцан нар өвдөг шорооджээ.
Харин хоёрын даваанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Бямба-Отгон, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар унаж, олон бөх сонирхогчдын түрүү бөхийн таамгийг эвдэв. Мөн улсын заан Д.Баасандорж, Б.Батмөнх, улсын харцага Б.Зоригтбаатар тэргүүтэй бөхчүүд унажээ. Харин аймгийн заан цолтойдоо сар шинийн барилдаанд түрүүлж, түүх бүтээж байсан улсын начин Э.Мөнхжаргал өчигдөр аймгийн арслан Ц.Төмөрцоожид тахим буулгасан байна.