Улсын баяр наадмын өдрүүдэд буюу өнгөрсөн долдугаар сарын 12-13-нд /2023.07.12-13/ шилжих шөнийн 04.00 цагийн үед "Хүй долоо хутаг"-т барьсан уяач П.Энхмөнхийн гэрээс эртний хоёр эмээл, хазаар, зааны ясан хөөрөг, жижиг мөнгө аяга, Тод манлай уяачийн зэндмэнэ эрдэнийн оройтой малгай зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан хэрэг гарсан билээ.
Улмаар уяач Д.Энхмөнх дээрх алдагдсан эд зүйлсийн талаар баттай мэдээлэл өгсөн иргэнд 100 сая төгрөг өгнө гэдгээ мэдэгдсэн байдаг. Харин тус хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан юм.
Тэгвэл тус хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтнүүдийг олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд тухайн этгээдүүдийг яллагдагчаар татаагүй, сэжиглэн шалгаж байгаа аж. Энэ талаар албан бус эх сурвалж "2023 оны Улсын баяр наадмаар П.Энхмөнхийн гэрээс хулгайд алдагдсан эд зүйлс нь 500 орчим сая төгрөгөөр үнэлэгдэх аж. Тухайн хэрэг гардаг шөнө П.Энхмөнхийн гэрийн гадна байсан Ланд круйзер-200 болон Мерседес-Бенц маркийн автомашинуудыг цонхыг мөн хагалсан байсан бөгөөд дотроос нь ямар нэгэн эд зүйл алдагдаагүй байсан. Харин тухайн хэрэгт холбогдуулан хэд, хэдэн хүнийг шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа" гэдгийг тодотгож байв. Иймд иргэд та бүхнийг сар шинийн баярын өдрүүдэд сонор сэрэмжтэй байж автомашиндаа эд зүйлээ орхихгүй байх, хяналтын камергүй газар тээврийн хэрэгслээ орхихгүй байхыг сэрэмжлүүлж тус мэдээллийг нийтэллээ.