Б.Цэцэнбилиг: Аавыг компьютерээр тоглож байхад нь ээж загнаад байсан болохоор “гэрлэсэн бөгжөө тайл чи” гэж хэлсэн /ВИДЕО/

Б.Цэцэнбилиг: Аавыг компьютерээр тоглож байхад нь ээж загнаад байсан болохоор “гэрлэсэн бөгжөө тайл чи” гэж хэлсэн /ВИДЕО/

Сар шинийн баярын шинийн 3-ны өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр бид “Гэрлэсэн бөгжөө тайл чи” гэж ярих бичлэгээрээ олон хүний хайрыг татсан таван настай Б.Цэцэнбилиг охинтой ярилцлаа. Ухаалаг, сэргэлэн, Б.Цэцэнбилиг охин цэцэрлэгт суралцдаг бөгөөд цаашид ч олон бичлэг хийж хүмүүст хүргэх сонирхолтой байгаагаа бидэнтэй ярилцах үеэрээ хэлсэн юм. 

ВИДЕО:

-“ХҮМҮҮС НЭГЭНТЭЙГЭЭ ГЭРЛЭХДЭЭ ХУРУУНД НЬ БӨГЖ ЗҮҮЖ ӨГДӨГ БОЛОХООР ЭЭЖИД "БӨГЖӨӨ ТАЙЛ" ГЭЖ ХЭЛСЭН”-

Өнгөрөн одож буй луу жилд олон үйл явдал нийгмийг доргиосны хажуугаар эерэг хөөрхөн бичлэг хийж буй хүмүүс ч иргэдийг хөгжөөж, хайрыг нь татаад амжлаа. Тэдний нэг нь Б.Цэцэнбилэг охин. “Гэрлэсэн бөгжөө тайл. Гэрлэсэн хайртайгаа яагаад загналдаад байгаа юм” гэж хэвлүүхэн ярих охины бичлэг олон мянган хүнд хүрч зарим хүмүүст нэгийг ойлгуулж, хоёрыг ухааруулсан гэдэг нь эргэлзээгүй.

Б.Цэцэнбилиг

Б.Цэцэнбилиг охин аав, ээж, ах, дүүгийн хамт амьдардаг. Түүний  бичлэгүүдээс хамгийн их хандалттай “Гэрлэсэн бөгжөө тайл чи” гэж ээждээ хэлж буй бичлэг. Тухайн үед бичлэг хийх болсон талаараа бидэнд ярихдаа “Тэр үед аав компьютер тоглож байсан. Тэгсэн ээж “ямар их тоглодог юм бэ. Болиоч” гэж загнасан юм. Тэгэхээр нь би яагаад аавыг загнаад байгаа юм бэ гээд “гэрлэсэн бөгжөө тайл чи” гэж ээжид хэлсэн. Тэр үед ээж бичлэг хийсэн юм. Одоо тэр бичлэгийг маш олон хүн үзэж, хязгааргүй их үзэлттэй болчихсон байна лээ. Хүмүүс нэгэнтэйгээ гэрлээд дунд хуруунд нь бөгж зүүж өгдөг. Тэгээд гэрлэдэг болохоор нь “гэрлэсэн бөгжөө тайл” гэж хэлсэн. Хүмүүс миний бичлэгийг үзээд намайг өхөөрдөж байхыг хараад бүх зүйл гоё санагдсан” гэсэн юм.

Б.Цэцэнбилиг

-“ХҮМҮҮС МӨНГӨ ӨГЧ, БУУЗ ЧАНАЖ ӨГДӨГ БОЛОХООР ЦАГААН САРЫН БАЯРТ БИ ДУРТАЙ”-

Б.Цэцэнбилиг охин сар шинийн баярыг гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд цагаан сараар эмээ, өвөөгийндөө очих хамгийн их дуртай гэнэ. Учир нь эмээ нь түүнд цагаан сарын бэлэг гэж мөнгө өгдөг байна. Тэрбээр Цагаан сарын баярын талаар ярихдаа “Цагаан сарын баяраар монгол хувцас өмсөөд “амар байна уу. Сайхан шинэлж байна уу” гээд золгодог. Тэгээд бэлэг авна. Бас бууз чанаж иддэг. Цагаан сар болохоор өвөө, эмээ дээрээ очдог. Бэлэг бас бууз нь гоё санагддаг учраас би Цагаан сарын баярт дуртай. Цагаан сараар эмээ надад мөнгө өгдөг. Гэхдээ хэдэн төгрөг өгдгийг нь би сайн мэдэхгүй байна. Цагаан сарын үеэр бэлгээ маш сайн цуглуулдаг. Гэхдээ заримдаа идчихдэг” гэсэн юм.

Б.Цэцэнбилиг

Б.Цэцэнбилэг одоо цэцэрлэгт явдаг бөгөөд Цагаан сарын баярыг тохиолдуулаад найзындаа очихоор төлөвлөж байгаа талаараа ч бидэнд ярьсан юм. Тэрбээр сар шинийн баяраас гадна төрсөн өдрийн баяр, шинэ жилийн баярт маш их дуртай. Олон бэлэг авдаг болохоор эдгээр баярт илүү дуртай байдаг бөгөөд энэ жил гадаад явсан нь хамгийн гоё байсан гэнэ. Тэрбээр ирж буй могой жилдээ илүү олон бичлэг хийж, үзэгч олонд хүргэх зорилготой байгаа бөгөөд нийт монголчууддаа сар шинийн мэнд хүргэснээр бидний ярилцлага өндөрлөсөн юм.




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө