Талийгаач Г.Батбаярын охин Ариунзаяа өөрийнхөө болон аавынхаа хэргийг төрийн оролцоотойгоор шийдүүлэхийг хүсч, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Манай аавыг эрүүдэн шүүсэн гэх баримт байдаг. 2024 оны дөрөвдүгээр сарын 26-нд аавын маань цогцос олдсон. Мөн сарын 20-нд Ардчилсан намын хүний эрхийн хороонд хүсэлт гаргасан байдаг юм. "Намайг эрүүдэн шүүгээд байна. Ямар ч байгууллага хүлээж авахгүй байна" гэж. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танд хуулийн зөвлөгөө өгдөг байсан хүний ганц охины хувиар хэлэхэд прокурорын үйл ажиллагаанд хяналт тавиулж, өөрийнхөө болон аавынхаа хэргийг төрийн оролцоотойгоор шийдүүлэхийг хүсэж байна. Би арай л дэндүү шударга бус зүйл рүү ороод байна. Одоо би олон улсын байгууллагуудад хандаж эхэлсэн.
Аавынхаа хэрэгт хууль ёсны хохирогчоор аавынхаа охин дүүтэй хамт орох хүсэлтэй байгаа. Гэхдээ манай эгчийг нэг л хохирогч байх ёстой гэж хуулийн байгууллагаас дарамталсан асуудал гарсан. Манай аавын машинаас тухайн үед хүн буугаад гараад явсан байдаг. Тэр хүн нь өөр машинд суугаад явсан. Тухайн машиныг олж тогтоох хүсэлтийг аавын дүү охин буюу манай авга эгч цагдаад гаргасан ч хариу байхгүй байна. Зөвхөн миний хэргийг л шийдвэрлээд яллагдагчаар татаад яваад байна" гэв.