Монголын бурханы шашны тэргүүн, Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт Даян дэлхийн амар амгалангийн төлөөх Цогт цагийн хүрдэн буюу Дүйнхорын вангийн номын айлдварт өөрийн биеэр саатан морилов.
Энэхүү номын чуулган нь, Монголын ард түмний шашин соёлын уламжлал, сүсэг бишрэлийн гүн утга учрыг илэрхийлсэн, ерөөл буяны хүчийг бататгасан ховор нандин үйл явдал болсныг онцлох нь зүйтэй. Номын чуулганы үеэр Жадо ринбүчи нэгэнтээ дараагийн Дүйнхорын ванг Монголын ард түмэнд Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт өөрөө айлдаж байх тухай лүндэн өргөж, хүрэлцэн ирсэн сүсэгтэн олон түүний айлдварыг хүлээн аван, гүн талархалтайгаар “Хурай! Хурай! Хурай!” хэмээн уухайлж, бэлгэ ерөөлийг дэлгэрүүлж байсан нь энэхүү номын айлдварын гүн хүндэтгэлийн илэрхийлэл болов.
Ийнхүү Дүйнхорын вангийн авшиг нь зөвхөн шашин номын хүрээ хязгаарт хамаарах төдий бус, Монголын ард түмний оюун санааны өв, гүн гүнзгий сүсэг бишрэлийн илэрхийлэл болон зүрх сэтгэлд нь гэрэлтэж, түүхэн ач холбогдол бүхий үйл явдал болж үлдэж байна.