Цагдаагийн байгууллагаас сар шинийн баяртай холбоотойгоор өнөөдөр /2025.02.27/ мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ТЦА-ны УСХ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Оюун ярихдаа: "Цагдаагийн байгууллагаас энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдрөөс гуравдугаар сарын 05-ны өдрийн хооронд нийслэл хотод-1230, орон нутагт-803 нийт 2033 алба хаагч гудамж замд хөдөлгөөн зохицуулалт, хяналт шалгалт хийж ажиллана.
Улсын дугаарын арын оронг тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах талаарх Нийслэлийн Засаг даргын А/248 дугаар захирамжийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна.
Өөрөөр хэлбэл баяр амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Нийслэл хотын бүсэд золголтоор зорчихдоо гэр хорооллын гудамж болон хотхон хорооллын дотор тээврийн хэрэгслээ бусад хөдөлгөөнд оролцогчид болон шуурхай албаны автомашинд саад болохгүй байдлаар байрлуулах, Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцох, Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй, цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн аймаг орон нутагт зорчих бол бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг аль болох авч явахгүй байх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаа хангах зэрэг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр иргэд, та бүхэн бие биедээ хүндэтгэлтэй хандаж замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна" гэсэн юм.