Цагдаагийн байгууллагаас сар шинийн баяртай холбоотойгоор өнөөдөр /2025.02.27/ мэдээлэл хийлээ.
-УЛСЫН ХЭМЖЭЭНД 130 ОРЧИМ ХИЙД ШИНИЙН 15-НЫ ӨДРИЙГ ДУУСТАЛ НОМ ХУРНА-
Цагдаагийн дэд хурандаа Г.Гүррагчаа "Сар шинийн амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нийтийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийн хүрээнд цагдаагийн байгууллага 2025 оны хоёрдугаар сарын 28-ний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана. Өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллах бэлтгэл ажлыг бүрэн хангасан. Тодруулбал, сар шинийн баярт зориулсан бөхийн барилдааны хамгаалалт, Гандантэгчэнлин хийдийн ойр орчмын эргүүл, хяналтыг зохион байгуулах, шинийн 2-ны өглөөний нар харахтай холбоотойгоор өндөрлөг цэгийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр төлөвлөгөө гарган, бэлтгэл ажлыг хангасан байна. Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан өнөөдөр эхэлсэн үүнтэй зэрэгцээд цагдаагийн байгууллага мөн ажиллаад эхэлсэн гэдгийг та бүхэнд хэлье" гэсэн юм.
Улсын хэмжээнд 130 орчим хийд шинийн 15-ны өдрийг дуустал ном хурна. Мөн шинийн 2-ны өглөө нар харах нийт 250 орчим өндөрлөг цэг бий. Энэ бүгдэд хүрч ажиллахаар бэлтгэлээ хангасан байна. Түүнчлэн улсын хэмжээнд авто эргүүлийн чиглэлээр 140 чиглэлд 780 албан хаагч ажиллахаас Улаанбаатар хотод 100 чиглэлд авто эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ. Ингэхдээ үндсэн хуваарьт томилгоотой алба хаагчдаас гадна 5416 алба хаагч нэмэлтээр ажиллаж, иргэд олон нийтийн аюулгүй байдлын хангахаар болжээ.