Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд автозамын ачааллыг бууруулах үүднээс тэгш сондгой дугаарын хязгаарлалт мөрдүүлэхээр иргэдээс санал авч эхэлсэн. Улмаар санал асуулгад оролцсон нийт иргэдийн 68 хувь нь дэмжсэнээр энэ сарын 22-ноос тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар зорчуулах шийдвэр гарсан.
Тодруулбал, энэ сарын 22, 24, 26-нд сондгой тоогоор төгссөн дугаартай машин хөдөлгөөнд оролцоно. Харин 23, 25, 27-нд тэгш дугаараар төгссөн машинууд замын хөдөлгөөнд оролцох юм. Таван шараас Чулуун овооны уулзвар, хойд талаараа 32-ын уулзвараас Маршалын гүүр хүртэлх бүсчлэлийн хүрээнд хоёрдугаар сарын 27-ныг хүртэл 08:00-20:00 цаг хүртэл хязгаарлалттай зорчино.
Ойрын өдрүүдэд “Нарантуул”, “Хархорин”, “Барс-2”, “Сандэй-1, 2” зах, худалдааны төв рүү чиглэсэн гол гудамж замууд буюу Намянжүгийн гудамж, Их тойруу, Үндсэн хуулийн гудамж, Москвагийн гудамж, Нарны замын ачаалал эрс нэмэгдсэн. Хөдөлгөөний дундаж хурд 5 км/цаг болж, түгжрэлд ихээр нөлөөлж байгааг албаныхан хэллээ.