АНУ болон Украины төрийн тэргүүн тохиролцоонд хүрсэн тул В.Зеленский баасан гарагт АНУ-д айлчилж, ашигт малтмалын гэрээнд гарын үсэг зурна

АНУ болон Украины төрийн тэргүүн тохиролцоонд хүрсэн тул В.Зеленский баасан гарагт АНУ-д айлчилж, ашигт малтмалын гэрээнд гарын үсэг зурна

Өнгөрөгч долоо хоногт АНУ болон Украины хооронд ширүүхэн маргаан өрнөлөө. Тодруулбал хоёр улсын хийх гэрээнд АНУ 500 тэрбум доллар бүхий ашигт малтмалын эрх хүсэж байсан ч уг хүсэлтийг Украины тал хүлээн зөвшөөргүй юм.

Улмаар Д.Трамп В.Зеленскийг "дарангуйлагч" хэмээн шүүмжилж, хурдан энхийн гэрээ байгуулахгүй бол улс орноо алдана хэмээн сүрдүүлсэн. Харин Зеленский үүнийг няцааж, гэрээнд гарын үсэг зурах боломжгүй гэдгээ илэрхийлж байв. Харин өчигдөр буюу мягмар гарагт Америкийн тал зарим хүнд нөхцөлийг арилгасны дараа хэлэлцээрийг байгуулах боломжтой болжээ. Хэлэлцээрийн эцсийн нөхцөл тодорхойгүй байгаа ч мягмар гаригт хэлэлцсэн гэрээний төсөлд Украиныг АНУ-ын эзэмшиж буй санд 500 тэрбум ам.доллар хандивлахыг шаардсан байсныг цуцалжээ. Үүний оронд Украин чухал ашигт малтмал, газрын тос, байгалийн хий зэрэг байгалийн баялгаас олсон орлогынхоо тал хувийг санд төвлөрүүлнэ гэж гэрээний төсөлд тусгасан байна. Мөн энэ сан нь зарим орлогоо Украинд дахин хөрөнгө оруулахад зориулж, АНУ Украины ирээдүйн эдийн засгийн хөгжлийг дэмжих амлалт өгөх гэнэ.

Зеленский өнгөрсөн намар АНУ-ын цэргийн дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор нөөцийн гэрээ байгуулах санааг дэвшүүлж байв.

Гэвч тэрээр хоёрдугаар сарын 12-нд Бессентийг Украины нийслэл Киевт айлчлах үеэрээ Трампын тавьсан болзлуудаас татгалзсан юм. Тэрбээр "Би Украинчууд 10 үеэрээ төлөх ёстой зүйлд гарын үсэг зурахгүй" гэж хэвлэлийн бага хурал дээрээ мэдэгдсэн. Гэсэн хэдий ч Украины ерөнхийлөгч эцсийн дүндээ түүнд сонголт бага байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. 

Хоёр улсын гэрээнд заасан нөхцлийн дагуу Украинд аюулгүй байдлын тодорхой баталгаа заагаагүй байсан ч Америкийн эдийн засгийн ашиг сонирхол Украины талд байгаа нь Оросын ирээдүйн түрэмгийллийг зогсооно гэж Цагаан ордон үзэж байна. Улмаар Украйны Ерөнхийлөгч Зеленский энэ сарын 28-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Трамптай гэрээнд гарын үсэг зурахаар АНУ-д очих аж.

Эх сурвалж: New York Times