АНУ-ын эсрэг үзүүлж буй Хятадын хариу тариф нь манай улсын нүүрсний зах зээлд эерэг өөрчлөлт авчирна гэв

АНУ-ын эсрэг үзүүлж буй Хятадын хариу тариф нь манай улсын нүүрсний зах зээлд эерэг өөрчлөлт авчирна гэв

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын импортын татварыг 10 хувиар нэмэгдүүлэх болсон билээ. Үүний дараа Хятад улс Олон улсын худалдааны байгууллагад гомдол мэдүүлнэ гэж мэдэгдэж байсан бол энэ сарын эхээр АНУ-ын импортод мөн адил татварын нэмэгдэл тариф ногдуулна гэдгээ зарласан. Түүнчлэн "Google"-д монополын эсрэг мөрдөн байцаалт явуулах зэрэг хэд хэдэн арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн байна. Улмаар Канад, Мексикийн импортод 25 хувийн татвар ногдуулсан Трамп уг шийдвэрээ 30 хоногийн хугацаатай түр зогсоохыг зөвшөөрсөн юм.

Гэсэн хэдий ч Хятад ногдуулах татварын талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй ч ойрын хугацаанд  тус улсын дарга Ши Жиньпинтэй ярилцахаар төлөвлөжээ. Олон улсын худалдааны дайн гэж нэрийдээд буй уг харилцан татвар нь энэ оноос хэрэгжиж эхэлж буй биш юм. 2018 онд Трамп Хятадын бараанд ногдуулах татвараа нэмж, Хятад ч мөн адил хариу үйлдэл үзүүлснээр эхэлжээ. Тиймээс энэ удаад Хятад улс Трампийн засаг захиргааны эсрэг хангалттай бэлтгэлээ базаасан гэж ажиглагчид үзэж байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Хятад улс АНУ-ын нүүрс, шингэрүүлсэн хийн бүтээгдэхүүнд 15 хувийн татвар ногдуулахаас гадна түүхий нефть, хөдөө аж ахуйн машин механизм, том оврын автомашинд 10 хувийн татвар ногдуулна гэж мэдэгдсэн байна.

Хятад бол шингэрүүлсэн хийн дэлхийн хамгийн том импортлогч бөгөөд Австрали, Катар, Малайз зэрэг улсаас авдаг. Дэлхийн хэмжээнд "LNG"-ийн хамгийн том экспортлогч АНУ нь Хятад руу "LNG" төдийлөн экспортолдоггүй. Жишээлбэл, 2023 онд АНУ-аас Хятад руу 173.247 сая шоо фут "LNG" экспортолсон нь нийт байгалийн хийн экспортын 2.3 орчим хувийг эзэлж байна гэж АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн албаны нийтэлсэн тоо баримтад дурджээ.

Тэгвэл АНУ-ын эсрэг үзүүлж буй Хятадын хариу тариф нь манай улсын нүүрсний зах зээлд том өөрчлөлт авчирна гэж эдийн засагчид мэдэгдэж байна. Тодруулбал, Ерөнхий сайд асан М.Энхсайхан энэ талаар " Хятад руу ачуулсан АНУ-ын коксжих нүүрсний экспорт 2024 онд 33% өсчээ. Шинэ тариф нь Монгол болон Австралиас авах нүүрсээ нэмэгдүүлэх эх үүсвэр хайхад хүргэхээр байна" гэсэн байна.