ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийн шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 6-нд болж, шүүхээс тус хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн.
Харин прокурор анхан шатны шүүхийн шийдвэрт эсэргүүцэл бичсэнээр Нийслэлийн Давж заалдах шатны шүүх уг хэргийг хэлэлцэж, магадлал гаргалаа.
Шүүхээс "ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарыг бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзээд цагаатгасан анхан шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй байна" гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Эргэн сануулахад, Д.Нямхүү, Д.Бархүү нарыг бүлэглэн хуучин компьютер томографын “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг 2020 оны тавдугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт №01 дугаартай “Компьютерт томографын аппарат нийлүүлэх” тухай гэрээ байгуулж 400 сая төгрөгөөр худалдан авч, санхүүжилтийг 2020 оны наймдугаар сарын 24-ний өдөр Эрүүл мэндийн яамнаас “ДУБ” ХХК-ийн дансанд шилжүүлэн өгч бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг.