“Ногоон автобусны” гэх хэргийг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /2025.02.24/ эхэлсэн.
Ес дэх удаагаа болж буй шүүх хурлаар “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан яллагдагч А.Ганхуягаас авсан мэдүүлгүүдийг шинжлэн судлуулж, Д.Энхтайван, Ц.Цэрэндолгор нарын гэрчийн мэдүүлэг, Д.Сумъяабазарын гэрчээр өгсөн мэдүүлэг болон бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, ХХЕГ-аас ирүүлсэн лавлагааны хариуг зэргийг шинжлэн судлуулах аж. Хурал өчигдрийн 11.00 цагт эхэлсэн бөгөөд түр завсарлаж, өнөөдөр үргэлжилж байгаа юм. Тэгвэл шүүх хурал дөнгөж сая түр завсарлалаа.
Хэргийг эргэн сануулбал, Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн, нийт 24 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.