Гандантэгчэнлин хийдээс Сар шинийн баяраар айлдах ном, айлдварын талаар мэдээлэл өглөө.
Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, нийгэм, олон нийт хариуцсан тэргүүлэгч, гэвш А.Батцэнгэл "Монголчууд бид цагаан сарын үеэр ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлж, хүүхэд багачууддаа сургаал айлдвараа айлддаг, бие биентэйгээ холбогддог чухал баяр. Уламжлалт цагаан сарын баярын үеэр хурах хурал ном хоёр хэсгээс бүрдэж байгаа. Нэг нь хуучин номын хурал. Энэ нь цагаан сарыг угтаж хурдаг бөгөөд цагаан сарын номыг шинийн 1-15-ныг хүртэл хурдаг. Энэ жил Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам лхаармба Д.Жавзандорж шинийн 8-ны өдөр олон нийтэд зориулсан номыг айлдах бөгөөд гуравдугаар сарын 8-ны өдөр таарч байгаа. Энэ номын айлдвар нь хоёр хэсгээс бүрдэнэ. Эхнийх нь бурхан багшийн цадиг намтрыг айлдана. Мөн насны авшиг хүртээнэ. Хүний нас гэдэг нь уртасч бас богиносдог зүйл. Насны авшиг хүртсэнээр насыг уртасгах боломжтой гэж үздэг. Түүнчлэн гуравдугаар сарын 16-ны өдөр Гандантэгчэнлин хийдийн дэд хамба, гавж С.Гантөмөр номын айлдвар айлдана. Энэ өдөр дэд хамба Билгүүний зүрхэн судар гэх номыг тайлбарлана. Уг ном нь бурхан багшийн айлдсан охь шим болох хоосон чанарын үзлийг тайлбарладаг ном. Мөн цагаан сарын шинийн 1-15-ныг хүртэл өдөр бүр үдээс хойш 02:00 цагаас цагаан сарын ерөөл хурал ном айлдана" гэлээ.
ВИДЕО: