"М-Си-Эс" группийн З.Төрмандах "цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээ өөрчлүүлэх"-ээр шүүхэд хандсан ч түүний гомдлыг хүлээж авсангүй

"М-Си-Эс" группийн З.Төрмандах "цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээ өөрчлүүлэх"-ээр шүүхэд хандсан ч түүний гомдлыг хүлээж авсангүй

"Энержи ресурс" компанийн толгой компани болох "М-Си-Эс" группт хуулийн байгууллагаас ажиллагаа явуулж тус компанийн Хуулийн хэлтсийн дарга гэх З.Төрмандахыг энэ сарын 18-ны /2025.02.18/ өдөр "Japan Town" хотхонд байх гэрийнх нь орчмоос баривчилсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Улмаар түүнийг “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлсийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан”, “Гүйцэтгэх ажил явуулах эрхгүй этгээд гүйцэтгэх ажил явуулсан, эсхүл гүйцэтгэх ажлын тусгай техник олж авсан, ашигласан, борлуулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм. 

Тэгвэл "М-Си-Эс" группийн Хуулийн хэлтсийн дарга З.Төрмандах нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасан байна. 

Тэрбээр өөрт нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжид гомдол гаргасан ч Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн ерөнхий шүүгч тус гомдлыг хүлээн авахаас татгалзаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээжээ. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар З.Төрмандах нь эрүүл мэндийн шалтгаантайгаа байгаа учир ийнхүү цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээ өөрчлүүлэхээр шүүхэд хандсан аж.

Ташрамд сонирхуулахад, "М-Си-Эс" группийн Хуулийн хэлтсийн дарга З.Төрмандах нарын хүмүүсийг тагнаж чагнах төхөөрөмж болон сүлжээ унагагч хэрэгсэл ашигласан, камер тоноглолтой, цахим орчинд баг ажиллуулсан, хуулийн байгууллагынханд гэрээт төлөөлөлтэй байсан зэрэг мэдээллүүд зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа юм. Харин энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Тагнуулын байгууллагаас мөрдөн шалгаж байгаа "нууц"-тай холбоотой хэрэг учир энэ талаарх мэдээллийг өгөх боломжгүй" гэдгийг тодотгож буй юм.