Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 376 дугаар тогтоолоор баталсан "Допингийн эсрэг үндэсний дүрэм"-ийн хүрээнд, Монголын Үндэсний Бөхийн Холбооны захиалгаар 2025 оны 2 сарын 24-ний өдрийн Таравлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдааны үеэр тэмцээний үеийн 12 шинжилгээг Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага авчээ.
Энэ нь 2024 оны 10 дугаар сараас өнөөдрийг хүртэл тэмцээний бус болон тэмцээний үеийн дархан аваргаас сумын заан цолтон хүртэлх нийт 84 тамирчин шинжилгээнд хамрагдсан байна. Сорьцыг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хотын Допингийн Анализ болон Спортын Биохимийн Институтэд (IDAS) шинжлүүлнэ. Энэхүү шинжилгээнүүдийг нэмэлт төлбөр төлж Түргэвчилсэн горимоор авхуулж байгаа бөгөөд сорьцуудыг өнөөдрийн нислэгээр хүргүүлж байгаа аж.
Итгэмжлэгдсэн лаборатори сорьцуудыг хүлээн авсан өдрөөс хойш хоёр хоногийн дотор хариуг ирүүлэхээр төлөвлөсөн. Шинжилгээний хариуг ирсэн өдөр МҮБХ зарлаж ажиллах аж.