Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Б.Нямжанцан шороон үхрийн шинжийг тодорхойлжээ.
Тэрээр "Зурхайн ухаанд “Үхэр болон үхэр хариулаач” хоёрын зургийг махбодын зурхайгаар гарган тооцоолж, тухайн жилийн мал сүрэг хийгээд хүн зоны төлөв байдал тэргүүтэй маш олон зүйлийг урьдчилан мэдэх арга байдаг. Тэр зурлагаар жилийн төлөв байдлыг гаргаваас "ХVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх “Модон могой” жилийн шороон үхрийн толгой, дөрвөн шийр ногоон, эвэр, сүүл чих хөх, омруу, дөрвөн туурай цагаан, бие, ходоод улаан, үхэр амаа хамхиад, сүүлээ баруун тийш шарваад алхаж явах юм. Ногоон нигууртай, цагаан дээлтэй, улаан бүстэй, идэр залуу хүмүүн зүүн хөлийн гутлаа өмсөж, баруун хөл нүцгэн үхрийнхээ өмнө талд унгасан шилбүүр барин яаран гүйж явна.
Үхрийн зүсний ерөнхий төлөв нь улаан, хөх өнгө зонхи тул хур бага, хүчтэй аадар мөндөр буух, салхи их бөгөөд өвс ургамал жимсний мод дэлгэрэх. Шар, хийн гаралтай өвчнөөс сэрэмжилж, шунал, уурыг тэвчин хорьж чадваас эл өвчинд өртөгдөхгүй. Толгой нь ногоон тул жилийн эхэн, хаврын гурван сар хийгээд улирал бүрийн тэргүүн саруудад, салхи шуургатай. Омруу цагаан нь жилийн эхээр, нойтон шамрагатай, хяруу унах.
Бие улаан нь жилийн дундуур, улирал бүрийн дунд саруудад хуурайшилтай, хур бага, гандуу байх. Дөрвөн шийр ногоон нь жавартай хүйтэн, салхи ихтэй, жилийн сүүлээр, өвлийн гурван сар, улирал болгоны адаг саруудад хүйтэн жавартай, салхи ихтэй байхын шинж. Дөрвөн шийр цагаан байгаа нь жилийн хуучдаар цастай, хяруу, хялмаа унах. Эвэр сүүл чих нь хөх тул цаг төр, жилийн турш ерөнхийдөө дунд зэрэг байна. Үхэр сүүлээ баруун тийш шарвасан байгаа нь хүн зоны хувьд сайн, мал сүргийн тал дээр анхаарууштай. Амаа хамхисан байгаа нь төрөлт бага боловч, хүмүүнд буянтай жил.
Үхэр хариулаач идэр залуу хүмүүн үхрийнхээ өмнө яаран гүйж явах нь малд сайн бөгөөд эгэл ард өчүүхэн хямрахын шинж буй. Үхэр хариулаач залуу хүмүүн унгасан шилбүүр барьсан нь орон газар амар түвшин болж ажил үйлс амгалан дэлгэрэх. Үхэр хариулаач цагаан дээл өмссөн нь худалдаа арилжаа, олз ашиг, ажил үйлст хичээн шамдахыг илэрхийлж буй шинж юм. Үхэр хариулаач идэр залуу хүмүүн зүүн хөлийн гутлаа өмсөж, баруун хөл нүцгэн явах нь эмэгтэй хүмүүн завгүй, эр хүмүүнд тайван жил болно. Идэр залуу хүмүүнд амгалантай, нялхаст дунд зэрэг, өндөр настай хөгшид биеэ энхрийлүүштэй" хэмээжээ.