Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан хоёрдугаар сарын 20-нд сар шинийн баяртай холбоотой амралтын талаар мэдээлэл хүргэсэн.
Ингэхдээ "Хөдөлмөрийн хуулинд цагаан дээр хараар хуанлийн тооллоор 3 хоног биш билгийн тооллоор Шинийн 1, 2, 3-нд амарна гээд хуульчилсан. Гэтэл энэ жил Шинийн нэгэнгүй жил. Шинийн 2, 3- ндаа амраад даваа гарагт ажилдаа орно. Цаашид цагаан сар, үндэсний баяр наадмын өдрүүдэд амралтын өдөр тохиовол шилжүүлж амраах хууль өргөн барина. Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль нь ийм юм. Хуулийн засаглалтай улс учраас хуулиа дагахаас өөр аргагүй. Харин энэ хуулиа засъя. Шинийн нэгэнгүй жил их л ховор тохиодог юм байна" хэмээсэн.
Уг шийдвэрийг иргэдийн зүгээс эсэргүүцэж иргэд 11-11 төвд санал өгснөөр маргааш (2025.02.26) Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхээр болоод буй. Тэгвэл сар шинийн амралттай холбоотойгоор хуульчид ч байр сууриа илэрхийлж байгаа юм. Өчигдөр гэхэд Хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэг "Хуульд шинийн 1, 2, 3-ндаа амарна гэж. Зурхайч нар энэ жил шинийн 1-гүй гэж. Хуулийн агуулга нь гурван хоног амраахдаа байгаа болохоос шинийн 1-тэй, 1-гүйдээ биш юм шүү. Сар шинэ л бол сар шинэ. Хууль тогтоогч шинийн 1-гүй байж болдог эсэх талаар бодолцоогүй л хууль баталж. Гол санаа нь 3 хоног" хэмээн өөрийн байр сууриа илэрхийлжээ.