Гэр бүлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг боловсруулахаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзулаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.
Ажлын хэсэгт эрдэмтэн, судлаач, их дээд сургуулийн багш, төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөл орсон. Хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хийлээ.
Гэр бүлийг дэмжих тухай төсөл нь гэр бүлд дэмжлэг үзүүлэх, ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хангах, нийгмийн цогц үйлчилгээг гэр бүлийн гишүүн бүрд хүргэх замаар гэр бүлийн тогтвортой, сайн сайхан байдлыг дэмжих зорилготой юм. Хуулийн төсөл батлагдсанаар гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих, ялангуяа бага насны хүүхэдтэй, олон хүүхэдтэй гэр бүлийн амьдралын чанарыг сайжруулах, Монгол Улсын хүн амын тогтвортой өсөлт хангагдах, гэр бүлд ээлтэй орчин нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.