БНСУ-ын агаарын тээврийн “Jeju Air” компанийн зорчигч тээврийн онгоц осолдсоны улмаас хаагдаад буй Муан олон улсын нисэх онгоцны буудалд 56 хоногийн дараа эмнэлгийн яаралтай тусламж, сургалтын зориулалтаар нислэгийг сэргээлээ гэж нисэх буудлын захиргаа өнөөдөр мэдэгджээ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-нд Бангкокоос хөөрсөн “Jeju Air” компанийн онгоц Сөүлээс өмнө зүгт 290 км-ийн зайд орших тус нисэх онгоцны буудалд ослын буулт хийх үедээ буух зурвасыг давж, бетонон байгууламжийг мөргөсний дараа шатаж сүйрсэн билээ. Онгоцонд байсан нийт 181 хүнээс хоёр нь амьд үлдсэн юм.
Эрх баригчид мөн боловсролын байгууллагуудад долоо хоногийн турш локализатор ашиглахгүйгээр нислэг хийхийг зөвшөөрсөн байна. Одоогоор таван их, дээд сургууль, хувийн гурван байгууллага тэнд 21 онгоц ашиглан сургалтын нислэг хийхээр төлөвлөсөн бөгөөд даваа гаргийн өглөө нисэх буудалд хөөрөх, буух бэлтгэлээ хийж эхэлжээ.