Иргэд сар шинийн баяраар үнэ хямд архи худалдаж авахыг эрмэлздэг. Энэ нь хуурамч архи, виски, шар айраг байх эрсдэлтэйг албаны эх сурвалж анхааруулж байна. Тухайлбал, энэ оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар хуурамч архи нэвтрүүлэхийг завдсан 15 зөрчлийг Гаалийн ерөнхий газар илрүүлжээ. Тодруулбал, нийт 343 литр архи, 5 литр коньяак, 9 литр виски, 191 литр хуурамч шар айргийг хилээр нэвтрүүлэхийг завдсан байна. Тэгвэл цахим орчинд “Орос архи виски бөөний үнээр”, “Архи виски бөөний үнээр” зэрэг нэртэй пэйж хуудас, группт энэ төрлийн хуурамч архийг сурталчилж, борлуулсаар байна. Энэ талаар бид холбогдох эх сурвалжуудтай холбогдож дараах мэдээллийг бэлтгэлээ.
ВИДЕО:
-ФИНЛАНД 60 МЯНГА, КОРН 40 МЯНГА, АБСОЛЮТ 60 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ХУДАЛДААЛЖ БАЙВ-
Бид эхлээд “Орос архи виски бөөний үнээр” зарна гэсэн группт зар оруулсан борлуулагчтай утсаар холбогдож зарим зүйлсийг тодруулсан юм. “...” дугаартай борлуулагчийн хэлж буйгаар, “Би өөрийн дэлгүүртэй хүн. Манайхаас гарч байгаа үнэ дээр 10 мянган төгрөг, унааны мөнгө нэмээд зарж байгаа. Финланд 60 мянга, Белуга 110 мянга, Корн 40 мянга, Абсолют 60 мянган төгрөгөөр худалдаалж байсан бөгөөд хэдэн ширхэгийг худалдан авахаас хамаарч хүргэж өгдөг” гэлээ. Харин “Архи виски бөөний үнээр” группийн гишүүн ярихдаа “Яг одоогоор бэлэн виски алга. Та олон тоогоор захиалах юм бол хүнд зуучилж өгч болно. Жак 180, Jameson 150, Ballantines 160 мянгад өгч байсан. Бид татваргүй бараан дээрээс авдаг. Бүгд лацтай, хольц байхгүй, найдвартай” гэж ярьсан юм.
-Л.АМАРТҮВШИН: АЛБАН ЁСООР ОРУУЛЖ ИРСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ДЭЭР ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР ТӨЛСӨН АКЦЫГ НААСАН БАЙДАГ-
Тэгвэл энэ талаар Гаалийн ерөнхий газрын хяналт бүрдүүлэлтийн газрын гаалийн улсын байцаагч Л.Амартүвшин ярихдаа, “Иргэд шинэ жил, Цагаан сарын баярыг тохиолдуулаад хувийн хэрэгцээндээ оруулах зорилгоор хаяг шошго нь тодорхойгүй, үйлдвэрлэгч нь тодорхойгүй, чанарын сертификатгүй, хаяг шошгоноос нь харахад илт хуурамч гэдэг нь мэдэгдэж байгаа согтууруулах ундааг хилээр хувийн хэрэглээндээ зориулах нэрийдлээр нэвтрүүлэх зөрчлүүд нилээдгүй гарч байна. Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлсийг нэвтрүүлэх журмын дагуу 2 литр архи, 2 литр дарс, шар айраг 3 литрийг оруулж ирэх боломжтой байдаг. Үүний дагуу иргэд хил нэвтрээд буцаж орж ирэхдээ ийм хэмжээний согтууруулах ундааг хилээр оруулж ирдэг гэсэн үг.
Тухайн согтууруулах ундааг үйлдвэрлэгчийг нь дуурайгаад хийчихсэн, хаяг шошго нь адилхан гэхдээ үг үсгэн дээр нь алдаатай биччихсэн, харваас хуурамч гэдэг нь тодорхой, хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй, маш эрсдэлтэй үйлдэл байдаг. Үүнийг баяр ёслолын үеэр тохиолдуулж хүмүүс хэрэглээндээ хэрэглэхэд гарах эрсдэлийг тодорхойлох боломжгүй. Магадгүй хүний амь нас эрсдэх, архинд янз бүрийн бодис байхыг ч үгүйсгэхгүй. Тэгэхээр чанарын шаардлага хангасан, албан ёсны гэрчилгээтэй, татвар хураамжаа төлөөд ороод ирсэн стандарт хангасан согтууруулах ундааг зохистой хэмжээгээр хэрэглэх нь зүйтэй. Иргэд маань яг хэрэглэж байгаа бүтээгдэхүүндээ анхааралтай хандаач. Магадгүй дуурайгаад хийсэн бүтээгдэхүүнийг санамсаргүй авчихсан хүмүүс байдаг. Албан ёсоор оруулж ирсэн бүтээгдэхүүн дээр онцгой албан татвар төлсөн акцыг наасан байдаг. Энэ акц дээр тодорхой бар код буюу QR код наасан байгаа. Тэр кодыг нь уншуулахаар тухайн импортлогч аж ахуйн нэгжийн мэдээлэл, албан ёсны мэдээллүүд гарч ирдэг. Ийм тохиолдолд чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн байна гэж ойлгож болно” гэсэн юм.